Зуун наст ургамал [aloe barbadensis (aloe vera) leaf juice {powder}]

Арабын хойгоос үүсэл гаралтай ургамал бөгөөд Aloe barbadensis гэсэн латин нэртэй билээ. Зөндөө витамин, эрдэс, *амин хүчил, сахран молекул агуулдаг тул арьсыг ашиг тустай тэжээлээр хангаж чаддаг.

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:

  • *Чөлөөт радикалтай тэмцэн арьсыг тайвшруулж маш сайн чийгшүүлнэ
  • Шарх эдгээж үрэвсэл дарах ач холбогдолтой
  • Загатнаа багасгана
  • Арьс нөхөн төлжүүлнэ
  • Арьсанд тамир тэнхээ оруулна
  • *Салицилийн хүчлийг тодорхой хэмжээгээр агуулдаг тул үхсэн эсүүдийг гуужуулж бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ

Ямар арьсанд тохирох вэ?:

Хуурайшсан, түлэгдсэн, загатнасан, эмзэг арьсанд нэн тохиромжтой боловч бүх төрлийн арьсанд хэрэглэж болно.

Үс/хуйханд үзүүлэх үйлчилгээ:

  • Загатнаа багасгана
  • Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй
  • Тайвшруулж чийгшүүлнэ

Ямар үс/хуйхтай хүнд тохирох вэ?:

Бүх төрлийн үс/хуйхтай хүнд тохирно.

*Амин хүчил (amino acid)

Уургийг (protein) бүрдүүлдэг молекул билээ. Жишээлбэл, коллаген нь уураг тул тодорхой төрлийн амин хүчлүүдээс бүрддэг юм.

*Чөлөөт радикал (free radicals)

Эсийн бодисын солилцооны үеэр үүсдэг тогтворгүй молекул бөгөөд ДНХ (DNA), липид тосон молекул (lipid), уураг (protein) гэх мэт эсийн молекулуудыг гэмтээх чадвартай. Нас ахих тусам биеийн чөлөөт радикалтай тэмцэх чадвар нь доройтдог тул элдвийн өвчин эмгэг үүсэх нь өндөр боломжтой болохын сацуу хөгшрөлтийн процесс хурдасдаг. Улмаар арьс хөгширч үрчлээс, нөсөө ихээр үүсдэг. Чөлөөт радикал нь эсийн бодисын солилцооны үеэр үүсэж бий болохоос гадна нарны хорт туяа болон бусад гаднын хүчин нөлөөнөөс (эрүүл бус хооллолт, тамхи, стресс, агаарын бохирдол гэх мэт) болж үүсэх боломжтой.

*Салицилийн хүчил (salicylic acid)

Арьсны үхсэн эсүүдийг гуужуулах чадвартай 3 төрлийн хүчил байдаг: альфа (AHA), бета (BHA), поли гидрокси хүчил (PHA). AHA нь усанд уусах чадвартай бөгөөд хуурай арьсанд хамгийн тохиромжтой, BHA нь тосонд уусах чадвартай бөгөөд тослог, батгашилттай арьсанд хамгийн тохиромжтой, PHA нь усанд уусах чадвартай бөгөөд АНА-ийн илүү зөөлөн хэлбэр гэж ойлгож болох тул эмзэг арьсанд хамгийн тохиромжтой байдаг. Салицилийн хүчил нь BHA төрлийнх билээ.