Куперозын эсрэг комплекс [Anti-couperose complex]
Шраммек брэндийн өөрийнх нь бүтээсэн, куперозтой арьсны эсрэг үйлчилгээтэй комплекс бүтээгдэхүүн бөгөөд онцлох найрлага нь:
купероз (couperose)
- Aesculus hippocastanum extract [морины туулайн бөөр ургамлын ханд; уг ургамал нь Балканы хойгоос үүсэл гаралтай бөгөөд horse chestnut гэсэн өөр нэршилтэй]

- Arnica montana flower extract [арника монтана цэцгийн ханд; уг цэцэг нь Европоос үүсэл гаралтай бөгөөд байгалийн өвчин намдаагч гэсэн хочтой билээ]

- Hamamelis virginiana bark/leaf/twig extract [үич хэйзел цэцгийн холтос/навчис/нарийн салаа мөчрөөс гаргаж авсан ханд; уг цэцэг нь Хойд Америк, Япон, Хятад улсад ургадаг бөгөөд witch hazel гэсэн өөр нэршилтэй]

- Vitis vinifera (grape) leaf extract [усан үзмийн навчны ханд]

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
- Морины туулайн бөөр ургамлын ханд нь эссин (escin/aescin) молекулуудыг агуулснаар үрэвсэл дарж, *чөлөөт радикалтай тэмцэж, хялгасан судаснуудыг бэхжүүлэн микро цусны эргэлтийг өдөөнө. Мөн түүнчлэн эссин молекул нь *гиалуроны хүчлийг задалдаг гиалуронидаз (hyaluronidase) *ферменттэй тэмцэх үйлчилгээтэй билээ
- Арника монтана цэцгийн ханд нь хеленалин (helenalin) молекулыг агуулснаар үрэвслийн эсрэг хүчтэй үйлчилгээ үзүүлнэ. Мөн үүгээр ч дуусахгүй бусад олон төрлийн бодисыг агуулдаг учраас өвдөлт намдаах, бактерийн эсрэг, чөлөөт радикалтай тэмцэх ач тустай
- Үич хэйзел цэцгийн ханд нь полифенол (polyphenol) болон таннин (tannin) молекулаар баялаг тул чөлөөт радикалтай тэмцэх, үрэвсэл дарах, арьс чангалах, нүх сүв агшаах, илүүдэл тослог арилгах үйлчилгээтэй
- Усан үзмийн навчны ханд нь *антиоксидант, үрэвслийн эсрэг болон бактерийн эсрэг үйлчилгээтэй полифенол молекулаар баялаг юм. Мөн түүнчлэн агуулагддаг антоцианин (anthocyanin) молекулууд нь хялгасан судаснуудыг бэхжүүлдэг юм
Ямар арьсанд тохирох вэ?:
Бүх төрлийн арьсанд тохирно, гэхдээ эмзэг, куперозтой, үрэвссэн арьсанд нэн ач тустай.
*Чөлөөт радикал (free radicals)
Эсийн бодисын солилцооны үеэр үүсдэг тогтворгүй молекул бөгөөд ДНХ (DNA), липид тосон молекул (lipid), уураг (protein) гэх мэт эд эсийн молекулуудыг гэмтээх чадвартай. Нас ахих тусам биеийн чөлөөт радикалтай тэмцэх чадвар нь доройтдог тул элдвийн өвчин эмгэг үүсэх нь өндөр боломжтой болохын сацуу хөгшрөлтийн процесс хурдасдаг. Улмаар арьс хөгширч үрчлээс, нөсөө ихээр үүсдэг. Чөлөөт радикал нь эсийн бодисын солилцооны үеэр үүсэж бий болохоос гадна нарны хорт туяа болон бусад гаднын хүчин нөлөөнөөс (эрүүл бус хооллолт, тамхи, стресс, агаарын бохирдол гэх мэт) болж үүсэх боломжтой.
*Гиалуроны хүчил (hyaluronic acid)
Хүний биед байдаг, (C14H21NO11)n химийн томьёотой полисахарид (polysaccharide) молекул бөгөөд ойролцоогоор 50% нь арьсанд олддог. Гиалуроны хүчил нь арьсыг чийгшилтэй байлгаж өгдөг үндсэн үүрэгтэй. Нас ахих тусам мөн нарны хорт туяаны улмаас арьсан дахь тоо хэмжээ нь багасдаг тул арьс хуурайшиж үрчлээтдэг билээ.
*Фермент (enzyme)
Аливаа урвалыг хурдасгах үүрэгтэй онцгой уургийг хэлнэ.
*Антиоксидант (antioxidant)
Чөлөөт радикалтай (free radicals) тэмцэх үйлчилгээг эсвэл чөлөөт радикалтай тэмцэх үйлчилгээтэй молекулыг хэлнэ.