Чангаанз жимсний үрээс гаргаж авсан энэхүү тос нь полифенол молекул (polyphenol), омега-6 *тосон хүчил, омега-9 тосон хүчил болон витамин А, Е-гээр баялаг юм.
Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
- Полифенол болон витамин Е-г агуулдаг тул *чөлөөт радикалтай маш сайн тэмцэх үйлчилгээтэй
- Агуулагдаж буй омега-6 тосон хүчил нь (linoleic acid буюу линолын хүчил) арьсыг хамгаалах давхаргыг бэхжүүлэх бөгөөд омега-9 тосон хүчил нь (oleic acid буюу олеийн хүчил) арьсыг зөөлөн болгоно
- Агуулагдаж буй витамин А нь арьсны өөрийгөө чийгшүүлэх чадварыг нь дэмжиж арьсыг зөөлөн, толигор болгоно
Ямар арьсанд тохирох вэ?:
Бүх төрлийн арьсанд тохирно.
*Тосон хүчил (fatty acid)
Хүний бие махбод болон хоол хүнсэн дэх тосыг бүрдүүлдэг гол бүрэлдэхүүн хэсэг нь тосон хүчил байдаг бөгөөд ихэвчлэн гурав гурваараа глицерин (glycerin) хэмээх молекултай холбогдож улмаар триглицерид (triglyceride) хэлбэрээр оршдог билээ. Тосон хүчил нь ханаагүй болон ханасан гээд хоёр төрөлтэй байдаг. Ханасан тосон хүчлээр баялаг хоол хүнс нь масло, амьтны өөх тос гэх мэт байдаг бол ханаагүй тосон хүчлээр баялаг нь ихэвчлэн ургамлын гаралтай тоснууд байдаг (оливын тос, наран цэцгийн тос, маалингын тос гэх мэт).
*Чөлөөт радикал (free radicals)
Эсийн бодисын солилцооны үеэр үүсдэг тогтворгүй молекул бөгөөд ДНХ (DNA), липид тосон молекул (lipid), уураг (protein) гэх мэт эд эсийн молекулуудыг гэмтээх чадвартай. Нас ахих тусам биеийн чөлөөт радикалтай тэмцэх чадвар нь доройтдог тул элдвийн өвчин эмгэг үүсэх нь өндөр боломжтой болохын сацуу хөгшрөлтийн процесс хурдасдаг. Улмаар арьс хөгширч үрчлээс, нөсөө ихээр үүсдэг. Чөлөөт радикал нь эсийн бодисын солилцооны үеэр үүсэж бий болохоос гадна нарны хорт туяа болон бусад гаднын хүчин нөлөөнөөс (эрүүл бус хооллолт, тамхи, стресс, агаарын бохирдол гэх мэт) болж үүсэх боломжтой.