Акваксил комплекс [AquaxylTM]

Франц улсын SEPPIC компанийн бүтээсэн комплекс бүтээгдэхүүн бөгөөд онцлох найрлага нь:

  • Xylitylglucoside [ксилитилглюкозид; ксилитол молекул (xylitol) болон глюкоз сахран молекул (glucose) хоёрыг нийлүүлсэн бодис юм]

  • Anhydroxylitol [ангидроксилитол; буудайн исгэх урвалаар гаргаж авсан бодис юм]

  • Xylitol [ксилитол; банан, гүзээлзгэнэ, шанцай гэх мэт жимс, ногоонд агуулагддаг бөгөөд сахар орлуулагчаар хоол хүнсэнд ихээр ашиглагддаг молекул билээ]

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:

  • Ксилитол нь арьсыг чийгшүүлж, арьсыг хамгаалах давхаргыг бэхжүүлснээр чийгшил хадгалахад тусална
  • Ксилитилглюкозид, ангидроксилитол хоёр нь арьсыг бас чийгшүүлж, арьсыг хамгаалах давхаргыг бэхжүүлэхээс гадна арьсыг өөрөө *гиалуроны хүчил илүү ихээр үйлдвэрлэхэд нь тусална
  • Арьсны бүтцийг шинэчилж *эвэрлэг давхаргыг бэхжүүлнэ
  • *Арьсны өөрийнх нь үйлдвэрлэдэг чийгшүүлэгч факторуудыг дэмжиж, арьсыг толигор болгон өнгийг нь сайжруулна

Ямар арьсанд тохирох вэ?:

Бүх төрлийн арьсанд тохирно.

*Гиалуроны хүчил (hyaluronic acid)

Хүний биед байдаг, (C14H21NO11)n химийн томьёотой полисахарид (polysaccharide) молекул бөгөөд ойролцоогоор 50% нь арьсанд олддог. Гиалуроны хүчил нь арьсыг чийгшилтэй байлгаж өгдөг үндсэн үүрэгтэй. Нас ахих тусам мөн нарны хорт туяаны улмаас арьсан дахь тоо хэмжээ нь багасдаг тул арьс хуурайшиж үрчлээтдэг билээ.

*Эвэрлэг давхарга (stratum corneum)

Хүний арьс 3 гол давхаргатай: хамгийн доод давхарга буюу өөхөн давхарга (subcutaneous layer/hypodermis), дунд давхарга болох жинхэнэ арьсны давхарга (dermis), хамгийн дээд давхарга буюу өнгөн давхарга (epidermis). Өнгөн давхарга нь өөрөө дотроо хэд хэдэн давхаргатай бөгөөд эдгээр давхаргуудын хамгийн дээд давхаргыг эвэрлэг давхарга буюу stratum corneum гэдэг.

*Арьсны өөрийнх нь үйлдвэрлэдэг чийгшүүлэгч факторууд (NMF/natural moisturizing factors) 

Эдгээр нь голцуу амин хүчил (amino acids), амин хүчлүүдийн дайвар бүтээгдэхүүнүүд (derivatives of amino acids), сахран молекулууд болон шүвтэр (urea) байдаг. NMF-үүд маань арьсны хамгийн дээд давхарга болох эвэрлэг давхаргын (stratum corneum) корнеоцит эсүүдэд (corneocytes) байдаг бөгөөд хюмектант чийгшүүлэгч (humectant) учраас чийгшлийг агаараас татах эсвэл арьсны гүнээс ууршин гадагшлах гэж буй чийгшлийг арьсны дээд давхаргад хуримтлуулах байдлаар арьсны чийгшлийг хадгалж өгдөг байгаа. Хүний арьсан дахь NMF-үүдийн хамгийн том бүрэлдэхүүн хэсэг нь амин хүчлүүд билээ. Эдгээр амин хүчлүүдийн 36%-ийг serine, 22%-ийг glycine, 13%-ийг alanine, үлдсэн нь histidine, ornithine, citrulline, arginine тус тус 6-8%-ийг эзэлдэг байна.