Хойд Африк дахь Марокко улсаас үүсэл гаралтай арган модны жимсний үрээс гаргаж авдаг тос юм. Арьсанд хурдан шингэдэг бөгөөд нүх сүв бөглөрүүлдэггүй төрлийн тос билээ. Омега-9 болон 6 *тосон хүчлүүдээр тун баялаг.
Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
- *Антиоксидант үйлчилгээ үзүүлнэ
- Арьсны чийгшлийг хадгална, бактерийн эсрэг нөлөө үзүүлнэ, үрэвсэл дарна
- *Себум тосны эсрэг нөлөөтэй тул гормоны батга эмчилж арьсны тослогжилтыг багасгана
- Арьс нөхөн төлжүүлэх чанартай тул шарх, сорви, язралтыг багасгана
- Загатнасан, улайсан арьс болон атопик дерматиттэй (atopic dermatitis) арьсыг тайвшруулна
атопик дерматит
Ямар арьсанд тохирох вэ?:
Бүх төрлийн арьсанд тохирно.
*Тосон хүчил (fatty acid)
Хүний бие махбод болон хоол хүнсэн дэх тосыг бүрдүүлдэг гол бүрэлдэхүүн хэсэг нь тосон хүчил байдаг бөгөөд ихэвчлэн гурав гурваараа глицерин (glycerin) хэмээх молекултай холбогдож улмаар триглицерид (triglyceride) хэлбэрээр оршдог билээ. Тосон хүчил нь ханаагүй болон ханасан гээд хоёр төрөлтэй байдаг. Ханасан тосон хүчлээр баялаг хоол хүнс нь масло, амьтны өөх тос гэх мэт байдаг бол ханаагүй тосон хүчлээр баялаг нь ихэвчлэн ургамлын гаралтай тоснууд байдаг (оливын тос, наран цэцгийн тос, маалингын тос гэх мэт).
*Антиоксидант (antioxidant)
Чөлөөт радикалтай (free radicals) тэмцэх үйлчилгээг эсвэл чөлөөт радикалтай тэмцэх үйлчилгээтэй молекулыг хэлнэ.
*Себум (sebum)
Хүний арьсны тосны булчирхайнаас ялгардаг тос бөгөөд арьсыг гаднын хор хөнөөлөөс хамгаалж чийгшил хадгалах үүргийг гүйцэтгэдэг. Себум тосны ойролцоогоор 50 гаруй хувь нь триглицерид (triglyceride), 25 гаруй хувь нь нийлмэл эфирэн лав (wax esters), ойролцоогоор 12 хувь нь сквален тосон молекул (squalene), үлдсэн хувь нь холестерин (cholesterol) билээ.