Аргинин [arginine]

Танилцуулга болон үс/хуйханд үзүүлэх үйлчилгээ:

Амин хүчил (amino acid) нь уургийг бүрдүүлдэг молекул юм. 20 төрлийн амин хүчил (доорх зургийг харна уу) хүний бие физиологид чухал үүрэг гүйцэтгэдэг. 

Эдгээрийн дунд arginine хэмээх амин хүчил нь үсний гол бүрэлдэхүүн уураг болох *кератиныг бүрдүүлдэг амин хүчлүүдийн нэг билээ. Нэг ёсондоо кератиныг үйлдвэрлэхэд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг амин хүчлүүдийн нэг гэсэн үг юм. Үүнээс гадна аргинин нь хуйхан дахь цусны эргэлтийг сайжруулах нөлөө үзүүлдэг тул үсний ургалтыг сайн дэмжиж өгдөг байгаа. Мөн түүнчлэн аргинин нь *антиоксидант болон *хюмектант ач холбогдолтой тул *чөлөөт радикал болон хуурайшилттай тэмцэхэд тусална.  

Ямар үс/хуйхтай хүнд тохирох вэ?:

Үс нь ихээр унадаг хүнд нэн ач тустай. 

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:

  • Арьсанд тамир тэнхээ өгч, арьсыг чийгшүүлж тайвшруулна

Ямар арьсанд тохирох вэ?:

Бүх төрлийн арьсанд тохирно.

*Кератин (keratin)

Кератин нь үс, хумс, арьсны хамгийн дээд давхаргыг бүрдүүлдэг уураг билээ. Үсний 95% нь гэхэд л кератинаас бүрдсэн байдаг. Кератин нь үс, хумсыг эрүүл байлгаж, арьсыг дэмжиж, шарх сорвийг эдгээхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Бид бүхний биед 54 төрлийн кератин уураг байдаг гэнэ.   

*Антиоксидант (antioxidant)

Чөлөөт радикалтай (free radicals) тэмцэх үйлчилгээг эсвэл чөлөөт радикалтай тэмцэх үйлчилгээтэй молекулыг хэлнэ.

*Хюмектант (humectant)

Агаараас чийгшлийг татаж эсвэл арьсны гүнээс ууршин гадагшлах гэж буй чийгшлийг арьсны дээд давхаргад хуримтлуулж улмаар тухайн давхаргыг чийгшүүлж арьсны чийгшлийг хадгалах чадварыг хэлнэ.

*Чөлөөт радикал (free radicals)

Эсийн бодисын солилцооны үеэр үүсдэг тогтворгүй молекул бөгөөд ДНХ (DNA), липид тосон молекул (lipid), уураг (protein) гэх мэт эд эсийн молекулуудыг гэмтээх чадвартай. Нас ахих тусам биеийн чөлөөт радикалтай тэмцэх чадвар нь доройтдог тул элдвийн өвчин эмгэг үүсэх нь өндөр боломжтой болохын сацуу хөгшрөлтийн процесс хурдасдаг. Улмаар арьс хөгширч үрчлээс, нөсөө ихээр үүсдэг. Чөлөөт радикал нь эсийн бодисын солилцооны үеэр үүсэж бий болохоос гадна нарны хорт туяа болон бусад гаднын хүчин нөлөөнөөс (эрүүл бус хооллолт, тамхи, стресс, агаарын бохирдол гэх мэт) болж үүсэх боломжтой.