Авокадоны тос [persea gratissima (avocado) oil]

Мексик улсаас үүсэл гаралтай авокадо модны жимснээс гаргаж авдаг тос бөгөөд олеийн *тосон хүчлээр (oleic acid буюу омега-9) маш баялаг билээ. Мөн түүнчлэн витамин А, D, Е-гээр бас баялаг юм.

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:

  • *Коллаген багасахаас сэргийлнэ
  • Витаминууд нь арьсыг *чөлөөт радикалаас хамгаална 
  • Арьсыг зөөлрүүлэн чийгшүүлэхэд тусалж чийгшил хадгална
  • Үрэвсэл дарж арьсыг толигор болгоно

Ямар арьсанд тохирох вэ?:

Бүх төрлийн арьсанд тохирно.

*Тосон хүчил (fatty acid)

Хүний бие махбод болон хоол хүнсэн дэх тосыг бүрдүүлдэг гол бүрэлдэхүүн хэсэг нь тосон хүчил байдаг бөгөөд ихэвчлэн гурав гурваараа глицерин (glycerin) хэмээх молекултай холбогдож улмаар триглицерид (triglyceride) хэлбэрээр оршдог билээ. Тосон хүчил нь ханаагүй болон ханасан гээд хоёр төрөлтэй байдаг. Ханасан тосон хүчлээр баялаг хоол хүнс нь масло, амьтны өөх тос гэх мэт байдаг бол ханаагүй тосон хүчлээр баялаг нь ихэвчлэн ургамлын гаралтай тоснууд байдаг (оливын тос, наран цэцгийн тос, маалингын тос гэх мэт).

*Коллаген (collagen)

Хүний биед хамгийн ихээр байдаг уураг билээ. Коллаген нь арьсны дунд давхарга болох жинхэнэ арьсны давхаргад (dermis) байдаг бөгөөд арьсыг чанга байлгаж унжихаас нь сэргийлдэг. Гэхдээ нас ахих тусам коллагены хэмжээ багасдаг тул арьс улмаар унжиж үрчлээтэж хөгширдөг байгаа. 

*Чөлөөт радикал (free radicals)

Эсийн бодисын солилцооны үеэр үүсдэг тогтворгүй молекул бөгөөд ДНХ (DNA), липид тосон молекул (lipid), уураг (protein) гэх мэт эд эсийн молекулуудыг гэмтээх чадвартай. Нас ахих тусам биеийн чөлөөт радикалтай тэмцэх чадвар нь доройтдог тул элдвийн өвчин эмгэг үүсэх нь өндөр боломжтой болохын сацуу хөгшрөлтийн процесс хурдасдаг. Улмаар арьс хөгширч үрчлээс, нөсөө ихээр үүсдэг. Чөлөөт радикал нь эсийн бодисын солилцооны үеэр үүсэж бий болохоос гадна нарны хорт туяа болон бусад гаднын хүчин нөлөөнөөс (эрүүл бус хооллолт, тамхи, стресс, агаарын бохирдол гэх мэт) болж үүсэх боломжтой.