Азелоглайсина [Azeloglicina®]

Итали улсын Sinerga хэмээх компанийн бүтээсэн бүтээгдэхүүн бөгөөд калийн азелоил диглицинат (potassium azeloyl diglycinate) хэмээх бодис билээ. Уг бодис нь азелаик хүчлийн (azelaic acid) *дайвар хэлбэр буюу уг хүчлийг glycine хэмээх *амин хүчилтэй нийлүүлчихсэн, илүү үр дүнтэй болон илүү тогтвортой хэлбэр нь юм.
Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
- *Меланины үйлдвэрлэлийг хурдасгадаг tyrosinase хэмээх *ферментийн үйл ажиллагааг үр дүнтэйгээр зогсоож чаддаг тул нөсөө толботой тэмцэнэ
- Арьсыг цайруулах болон *себум тослогийн ялгарлыг багасгах нөлөөтэй
- Арьсыг чийгшүүлж толигор болгоно
- Арьс нэн даруй гэрэлтэж тамир тэнхээ орчихсон мэт харагдах болно
Нэгэн судалгааны үеэр уг бодисыг 5%-ийн концентрацтайгаар нь туршилтад оролцсон хүмүүс арьсандаа өдөрт 2 удаа түрхэж хэрэглэсэн бөгөөд уг бодис нь арьсыг цайруулах үйлчилгээтэй арбутин (arbutin) болон kojic acid хүчил 2-оос дутахааргүй үр дүнтэй байсан ба 2-хон долоо хоногийн дараа арьс илт цайрсан:

Нэгэн өөр судалгааны үеэр уг бодисыг нүүрний хамар, дух, эрүүн дээр түрхэж туршсан бөгөөд себум тослогийн ялгарлыг маш сайн бууруулж чаддаг нь нотлогджээ:

Ямар арьсанд тохирох вэ?:
Бүх төрлийн арьсанд тохирно.
*Дайвар бүтээгдэхүүн/бодис (derivative)
Аливаа нэг бодисын төстэй гэхдээ арай өөр хэлбэрийг хэлнэ. Жишээлбэл, витамин В5 бодисын дайвар бүтээгдэхүүн болох пантенолыг (panthenol) арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдэд түлхүү ашигладаг. Пантенол нь арьсанд шингэмэгц витамин В5 болж хувирч үйлчилгээгээ үзүүлдэг, гэхдээ витамин B5-аас илүү тогтвортой, арьсанд илүү сайн шингэх чадвартай хувилбар учраас гоо сайхны брэндүүд уг дайвар бодисыг илүүд үздэг юм.
*Амин хүчил (amino acid)
Уургийг (protein) бүрдүүлдэг молекул билээ. Жишээлбэл, коллаген нь уураг тул тодорхой төрлийн амин хүчлүүдээс бүрддэг юм.
*Меланин (melanin)
Арьсыг бор болгодог пигмент бөгөөд арьсанд байдаг меланоцит (melanocyte) хэмээх эсүүдийн үйлдвэрлэдэг молекул юм. Хүн бүхэн адилхан тооны меланоцит эстэй байдаг, гэхдээ бор арьстай хүмүүсийн меланоцит эсүүд меланин пигментээ илүү ихээр үйлдвэрлэдэг билээ.
*Фермент (enzyme)
Аливаа урвалыг хурдасгах үүрэгтэй онцгой уургийг хэлнэ.
*Себум (sebum)
Хүний арьсны тосны булчирхайнаас ялгардаг тос бөгөөд арьсыг гаднын хор хөнөөлөөс хамгаалж чийгшил хадгалах үүргийг гүйцэтгэдэг. Себум тосны ойролцоогоор 50 гаруй хувь нь триглицерид (triglyceride), 25 гаруй хувь нь нийлмэл эфирэн лав (wax esters), ойролцоогоор 12 хувь нь сквален тосон молекул (squalene), үлдсэн хувь нь холестерин (cholesterol) билээ.