Герман улсын Evonik Operations GmbH хэмээх компанийн бүтээл бөгөөд бетан (trimethylglycine/betaine) хэмээх glycine *амин хүчлийн *дайвар бүтээгдэхүүн юм. Бетан нь чихрийн манжингийн бурмаас гаргаж авдаг байгалийн молекул билээ.
Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
- *Хюмектант аргачлалаар арьсыг чийгшүүлэн чийгшил хадгалж өгөх үйлчилгээ үзүүлнэ
- Арьсны эсүүдийг гаднын хор хөнөөлтэй хүчин нөлөө болох *чөлөөт радикал, нарны хорт туяа, бохирдол гэх мэтээс хамгаална
- Амьд эсүүд дэх усны балансыг зохицуулахад тусална
- Арьсыг хамгаалах давхаргыг бэхжүүлнэ
Ямар арьсанд тохирох вэ?:
Бүх төрлийн арьсанд тохирно.
*Амин хүчил (amino acid)
Уургийг (protein) бүрдүүлдэг молекул билээ. Жишээлбэл, коллаген нь уураг тул тодорхой төрлийн амин хүчлүүдээс бүрддэг юм.
*Дайвар бүтээгдэхүүн/бодис (derivative)
Аливаа нэг бодисын төстэй гэхдээ арай өөр хэлбэрийг хэлнэ. Жишээлбэл, витамин В5 бодисын дайвар бүтээгдэхүүн болох пантенолыг (panthenol) арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдэд түлхүү ашигладаг. Пантенол нь арьсанд шингэмэгц витамин В5 болж хувирч үйлчилгээгээ үзүүлдэг, гэхдээ витамин B5-аас илүү тогтвортой, арьсанд илүү сайн шингэх чадвартай хувилбар учраас гоо сайхны брэндүүд уг дайвар бодисыг илүүд үздэг юм.
*Хюмектант (humectant)
Агаараас чийгшлийг татаж эсвэл арьсны гүнээс ууршин гадагшлах гэж буй чийгшлийг арьсны дээд давхаргад хуримтлуулж улмаар тухайн давхаргыг чийгшүүлж арьсны чийгшлийг хадгалах чадварыг хэлнэ.
*Чөлөөт радикал (free radicals)
Эсийн бодисын солилцооны үеэр үүсдэг тогтворгүй молекул бөгөөд ДНХ (DNA), липид тосон молекул (lipid), уураг (protein) гэх мэт эд эсийн молекулуудыг гэмтээх чадвартай. Нас ахих тусам биеийн чөлөөт радикалтай тэмцэх чадвар нь доройтдог тул элдвийн өвчин эмгэг үүсэх нь өндөр боломжтой болохын сацуу хөгшрөлтийн процесс хурдасдаг. Улмаар арьс хөгширч үрчлээс, нөсөө ихээр үүсдэг. Чөлөөт радикал нь эсийн бодисын солилцооны үеэр үүсэж бий болохоос гадна нарны хорт туяа болон бусад гаднын хүчин нөлөөнөөс (эрүүл бус хооллолт, тамхи, стресс, агаарын бохирдол гэх мэт) болж үүсэх боломжтой.