Биопептид ИЭЛ комплекс [Biopeptide ELTM]

Франц улсын Sederma компанийн бүтээсэн комплекс бүтээгдэхүүн бөгөөд онцлох найрлага нь:

  • Palmitoyl hexapeptide-12 [палмитойл хексапептид-12; valine-glycine-valine-alanine-proline-glycine гэсэн *амин хүчлүүдийн гинжин хэлхээ болон палмитийн хүчлээс (palmitic acid) бүрдсэн молекул]

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:

  • Палмитойл хексапептид-12 нь хөгшрөлтийн эсрэг маш хүчирхэг бодис юм. Палмитойл хексапептид-12 нь арьсан дахь *коллаген үйлдвэрлэдэг фибробласт (fibroblast) эсүүдийн хөдөлгөөн, идэвхт байдлыг дэмжихээс гадна коллаген, *эластины үйлдвэрлэлийг дэмждэг. Мөн түүнчлэн арьсны эсүүд болох фибробласт, *кератиноцитүүдийг интерлюкин-6 (interleukin-6; IL-6) үйлдвэрлэхийг нь багасгадаг. Интерлюкин-6 нь үрэвсэл үүсгэж арьсны матриксын (skin matrix) хурдан доройтолд хүргэснээр үрчлээс бий болж арьс уян хатан болон чанга байдлаа алддаг

Ямар арьсанд тохирох вэ?:

Хөгшрөлтийн улмаас доройтож буй бүх төрлийн арьсанд нэн ач тустай.

*Амин хүчил (amino acid)

Уургийг (protein) бүрдүүлдэг молекул билээ. Жишээлбэл, коллаген нь уураг тул тодорхой төрлийн амин хүчлүүдээс бүрддэг юм.

*Коллаген (collagen)

Хүний биед хамгийн ихээр байдаг уураг билээ. Коллаген нь арьсны дунд давхарга болох жинхэнэ арьсны давхаргад (dermis) байдаг бөгөөд арьсыг чанга байлгаж унжихаас нь сэргийлдэг. Гэхдээ нас ахих тусам коллагены хэмжээ багасдаг тул арьс улмаар унжиж үрчлээтэж хөгширдөг байгаа. 

*Эластин (elastin)

Хүний биед үйлдвэрлэгддэг уураг билээ. Эластин нь арьсны дунд давхарга болох жинхэнэ арьсны давхаргад (dermis) байдаг бөгөөд арьсыг уян хатан байлгаж сунах чадвартай болгож өгдөг (татаж сунгавал буцаад хэвийн хэлбэр лүүгээ ордог). Гэхдээ нас ахих тусам эластины хэмжээ багасдаг тул арьс улмаар унжиж үрчлээтэж хөгширдөг байгаа. 

*Кератиноцит (keratinocyte)

Арьсны дээд давхарга болох өнгөн давхаргын (epidermis) голлох эс бөгөөд тухайн давхаргын нийт эсийн 90%-ийг эзэлдэг. Кератиноцит эс нь гиалуроны хүчлийг (hyaluronic acid) үйлдвэрлэдэг бөгөөд өөрөө өнгөн давхаргын гүнд үйлдвэрлэгдэж дээшээ арьсны гадаргуу руу дээшлэн үхсэн эс буюу корнеоцит (corneocyte) эс болж хувирч гууждаг. Арьс энэхүү байдлаар нөхөн төлждөг байгаа.