Биотин буюу витамин В7 [biotin]

Витамин В7-гийн өөр нэршил юм. Нийтдээ 8 төрлийн витамин В байдаг: В1 (thiamin/тиамин), В2 (riboflavin/рибофлавин), В3 (niacin/ниацин), В5 (pantothenic acid/пантотений хүчил), В6 (pyridoxine/пиридоксин), В7 (biotin/биотин), В9 (folate/фолат), В12 (cobalamin/кобаламин).

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:

  • Арьсыг тордож хамгаалан *тосон хүчлийн үйлдвэрлэлийг нь дэмжинэ
  • Шинэ эс үүсэх үйл явц болон тосны булчирхайн хэвийн үйл ажиллагааг дэмжинэ
  • Арьсан дахь урвалуудыг хурдасгаж өгдөг олон *ферментүүдийн хэвийн үйл ажиллагаа нь биотинээс шалтгаалдаг тул энэхүү витамин арьсыг эрүүл болгоход тусалдаг

Ямар арьсанд тохирох вэ?:

Бүх төрлийн арьсанд тохирно.

Үс/хуйханд үзүүлэх үйлчилгээ:

  • Үсний үндэс тэжээлээр хангагдахад тусална 
  • *Кератины үйлдвэрлэлийг өдөөхөд тусална

Ямар үс/хуйхтай хүнд тохирох вэ?:

Бүх төрлийн үс/хуйхтай хүнд тохирно.

*Тосон хүчил (fatty acid)

Хүний бие махбод болон хоол хүнсэн дэх тосыг бүрдүүлдэг гол бүрэлдэхүүн хэсэг нь тосон хүчил байдаг бөгөөд ихэвчлэн гурав гурваараа глицерин (glycerin) хэмээх молекултай холбогдож улмаар триглицерид (triglyceride) хэлбэрээр оршдог билээ. Тосон хүчил нь ханаагүй болон ханасан гээд хоёр төрөлтэй байдаг. Ханасан тосон хүчлээр баялаг хоол хүнс нь масло, амьтны өөх тос гэх мэт байдаг бол ханаагүй тосон хүчлээр баялаг нь ихэвчлэн ургамлын гаралтай тоснууд байдаг (оливын тос, наран цэцгийн тос, маалингын тос гэх мэт).

*Фермент (enzyme)

Аливаа урвалыг хурдасгах үүрэгтэй онцгой уургийг хэлнэ. 

*Кератин (keratin)

Кератин нь үс, хумс, арьсны хамгийн дээд давхаргыг бүрдүүлдэг уураг билээ. Үсний 95% нь гэхэд л кератинаас бүрдсэн байдаг. Кератин нь үс, хумсыг эрүүл байлгаж, арьсыг дэмжиж, шарх сорвийг эдгээхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Бид бүхний биед 54 төрлийн кератин уураг байдаг гэнэ.