Камелиа олейфера цэцгийн үрийн тос [camellia oleifera seed oil]

Хятад улсаас үүсэл гаралтай камелиа олейфера цэцгийн үрээс гаргаж авсан энэхүү тос нь палмитийн *тосон хүчил (palmitic acid), омега-6, 9 тосон хүчлүүд, *антиоксидант нөлөөтэй полифенол (polyphenol) молекул болон витаминаар баялаг юм. Арьсанд хурдан шингэдэг тос бөгөөд нүх сүв бөглөрүүлдэггүй билээ.

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:

  • Арьс нөхөн төлжүүлж уян хатан байдлыг нь сайжруулна
  • Чийгшил хадгалж арьсыг чийгшүүлэх ач тустай
  • *Чөлөөт радикалтай тэмцэж үрчлээс үүсэхээс сэргийлнэ
  • Хөгшрөлтийн эсрэг болон үрэвслийн эсрэг үйлчилгээтэй
  • Арьсанд тэжээл өгч тамир тэнхээ оруулна 

Ямар арьсанд тохирох вэ?:

Бүх төрлийн арьсанд тохирно.

*Тосон хүчил (fatty acid)

Хүний бие махбод болон хоол хүнсэн дэх тосыг бүрдүүлдэг гол бүрэлдэхүүн хэсэг нь тосон хүчил байдаг бөгөөд ихэвчлэн гурав гурваараа глицерин (glycerin) хэмээх молекултай холбогдож улмаар триглицерид (triglyceride) хэлбэрээр оршдог билээ. Тосон хүчил нь ханаагүй болон ханасан гээд хоёр төрөлтэй байдаг. Ханасан тосон хүчлээр баялаг хоол хүнс нь масло, амьтны өөх тос гэх мэт байдаг бол ханаагүй тосон хүчлээр баялаг нь ихэвчлэн ургамлын гаралтай тоснууд байдаг (оливын тос, наран цэцгийн тос, маалингын тос гэх мэт).

*Антиоксидант (antioxidant)

Чөлөөт радикалтай (free radicals) тэмцэх үйлчилгээг эсвэл чөлөөт радикалтай тэмцэх үйлчилгээтэй молекулыг хэлнэ.

*Чөлөөт радикал (free radicals)

Эсийн бодисын солилцооны үеэр үүсдэг тогтворгүй молекул бөгөөд ДНХ (DNA), липид тосон молекул (lipid), уураг (protein) гэх мэт эд эсийн молекулуудыг гэмтээх чадвартай. Нас ахих тусам биеийн чөлөөт радикалтай тэмцэх чадвар нь доройтдог тул элдвийн өвчин эмгэг үүсэх нь өндөр боломжтой болохын сацуу хөгшрөлтийн процесс хурдасдаг. Улмаар арьс хөгширч үрчлээс, нөсөө ихээр үүсдэг. Чөлөөт радикал нь эсийн бодисын солилцооны үеэр үүсэж бий болохоос гадна нарны хорт туяа болон бусад гаднын хүчин нөлөөнөөс (эрүүл бус хооллолт, тамхи, стресс, агаарын бохирдол гэх мэт) болж үүсэх боломжтой.