Керамид [ceramide NP]

Сфингосин молекул (sphingosine) болон *тосон хүчлээс бүрддэг липид тосон молекул юм. Керамид нь хүний арьсны хамгийн дээд давхарга болох *эвэрлэг давхаргад байдаг бөгөөд арьсыг хамгаалах тосон давхаргын нийт бүрэлдэхүүний 50-иас дээш хувийг эзэлдэг тул арьс хэрхэн харагдаж мөн гаднын нөлөөнөөс хэр сайн өөрийгөө хамгаалдаг нь энэхүү молекулаас голцуу шалтгаалдаг юм.

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:  

  • Эвэрлэг давхаргын эсүүдийг хооронд нь холбон (яг л тоосгонуудын хоорондох зуурмаг шиг) хамгаалах давхарга үүсгэж өгдөг бөгөөд ингэснээр арьсны чийгшил алдагдахаас сэргийлж арьсыг гаднын нөлөө, бохирдлоос хамгаалдаг байна

Хэрвээ хүний арьсанд аль хэдийн керамид байгаа юм бол керамидтай бүтээгдэхүүн хэрэглэх шаардлага байгаа гэж үү?

Нас ахих тусам мөн нарны туяанаас болж арьсан дахь байгалийн керамидүүдийн үр дүнтэй байдал нь буурдаг бөгөөд арьсыг хамгаалах давхарга муудаж улмаар үрэвсэл, улайлт, үрчлээс, хуурайшилт бий болдог. Тийм учраас керамидтай бүтээгдэхүүн арьсандаа хэрэглэснээр арьсыг хамгаалах давхаргаа бэхжүүлж, арьсны чийгшлээ хадгалж, үрчлээсээ багасгаж чадах билээ.

Ямар арьсанд тохирох вэ?:

Бүх төрлийн арьсанд тохирно.

*Тосон хүчил (fatty acid)

Хүний бие махбод болон хоол хүнсэн дэх тосыг бүрдүүлдэг гол бүрэлдэхүүн хэсэг нь тосон хүчил байдаг бөгөөд ихэвчлэн гурав гурваараа глицерин (glycerin) хэмээх молекултай холбогдож улмаар триглицерид (triglyceride) хэлбэрээр оршдог билээ. Тосон хүчил нь ханаагүй болон ханасан гээд хоёр төрөлтэй байдаг. Ханасан тосон хүчлээр баялаг хоол хүнс нь масло, амьтны өөх тос гэх мэт байдаг бол ханаагүй тосон хүчлээр баялаг нь ихэвчлэн ургамлын гаралтай тоснууд байдаг (оливын тос, наран цэцгийн тос, маалингын тос гэх мэт).

*Эвэрлэг давхарга (stratum corneum)

Хүний арьс 3 гол давхаргатай: хамгийн доод давхарга буюу өөхөн давхарга (subcutaneous layer/hypodermis), дунд давхарга болох жинхэнэ арьсны давхарга (dermis), хамгийн дээд давхарга буюу өнгөн давхарга (epidermis). Өнгөн давхарга нь өөрөө дотроо хэд хэдэн давхаргатай бөгөөд эдгээр давхаргуудын хамгийн дээд давхаргыг эвэрлэг давхарга буюу stratum corneum гэдэг.

*Себум (sebum)

Хүний арьсны тосны булчирхайнаас ялгардаг тос бөгөөд арьсыг гаднын хор хөнөөлөөс хамгаалж чийгшил хадгалах үүргийг гүйцэтгэдэг. Себум тосны ойролцоогоор 50 гаруй хувь нь триглицерид (triglyceride), 25 гаруй хувь нь нийлмэл эфирэн лав (wax esters), ойролцоогоор 12 хувь нь сквален тосон молекул (squalene), үлдсэн хувь нь холестерин (cholesterol) билээ. 

*Корнеоцит (corneocyte)

Кератиноцит эс нь (keratinocyte) арьсны дээд давхарга болох өнгөн давхаргын (epidermis) голлох эс бөгөөд тухайн давхаргын нийт эсийн 90%-ийг эзэлдэг. Кератиноцит эс нь гиалуроны хүчлийг (hyaluronic acid) үйлдвэрлэдэг бөгөөд өөрөө өнгөн давхаргын гүнд үйлдвэрлэгдэж дээшээ арьсны гадаргуу руу дээшлэн үхсэн эс буюу корнеоцит эс болж хувирч гууждаг. Арьс энэхүү байдлаар нөхөн төлждөг байгаа.