СиЭм Глюкан Фортэ [CM Glucan Forte]

Швейцар улсын Mibelle Biochemistry компанийн бүтээл бөгөөд энэ нь магнийн карбоксиметил бета-глюкан (magnesium carboxymethyl beta-glucan) буюу талх, нарийн боовны исгэгчээс гаралтай бета-глюканы *дайвар бүтээгдэхүүн юм. Нэг ёсондоо энэ нь тухайн исгэгчийн магни элемент (magnesium/Mg) агуулдаг эсийн хананаас гаргаж авсан бета-глюкан хэмээх *полисахаридыг бага зэрэг өөрчилсөн дайвар бүтээгдэхүүн юм. Бета-глюкан нь олон төрлийн мөөг (ялангуяа исгэгч), ургамал, замаг болон овьёосноос гаргаж авдаг полисахарид билээ. Энэхүү полисахаридыг илүү тогтвортой болгосон хэлбэр гэнэ.

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:

  • Дархлаа сайжруулах шинж чанартай тул шарх эдгээж үрэвсэл даран арьсыг тайвшруулдаг
  • *Чөлөөт радикалтай тэмцэж үрчлээс багасгахад нэмэртэй байдаг
  • *Хюмектант чийгшүүлэгч бөгөөд чийгшлийг урт хугацаагаар хадгалж чаддаг
  • Бета-глюкан молекулууд нь хоорондоо нийлж нимгэн давхаргыг арьсан дээр бий болгодог бөгөөд энэхүү давхарга нь эмзэг арьсыг гаднын нөлөө, бохирдлоос хамгаалдаг 

Ямар арьсанд тохирох вэ?:

Бүх төрлийн арьсанд тохирно, ялангуяа хуурайшсан, үрэвссэн, улайсан, эмзэг арьсанд нэн ач тустай.

*Дайвар бүтээгдэхүүн/бодис (derivative)

Аливаа нэг бодисын төстэй гэхдээ арай өөр хэлбэрийг хэлнэ. Жишээлбэл, витамин В5 бодисын дайвар бүтээгдэхүүн болох пантенолыг (panthenol) арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдэд түлхүү ашигладаг. Пантенол нь арьсанд шингэмэгц витамин В5 болж хувирч үйлчилгээгээ үзүүлдэг, гэхдээ витамин B5-аас илүү тогтвортой, арьсанд илүү сайн шингэх чадвартай хувилбар учраас гоо сайхны брэндүүд уг дайвар бодисыг илүүд үздэг юм.  

*Полисахарид (polysaccharide)

Сахран молекулуудаас бүрдсэн урт гинжин молекул бөгөөд тодорхой төрлийн нүүрс усыг (carbohydrate) бүрдүүлдэг билээ.

*Чөлөөт радикал (free radicals)

Эсийн бодисын солилцооны үеэр үүсдэг тогтворгүй молекул бөгөөд ДНХ (DNA), липид тосон молекул (lipid), уураг (protein) гэх мэт эд эсийн молекулуудыг гэмтээх чадвартай. Нас ахих тусам биеийн чөлөөт радикалтай тэмцэх чадвар нь доройтдог тул элдвийн өвчин эмгэг үүсэх нь өндөр боломжтой болохын сацуу хөгшрөлтийн процесс хурдасдаг. Улмаар арьс хөгширч үрчлээс, нөсөө ихээр үүсдэг. Чөлөөт радикал нь эсийн бодисын солилцооны үеэр үүсэж бий болохоос гадна нарны хорт туяа болон бусад гаднын хүчин нөлөөнөөс (эрүүл бус хооллолт, тамхи, стресс, агаарын бохирдол гэх мэт) болж үүсэх боломжтой.

*Хюмектант (humectant)

Агаараас чийгшлийг татаж эсвэл арьсны гүнээс ууршин гадагшлах гэж буй чийгшлийг арьсны дээд давхаргад хуримтлуулж улмаар тухайн давхаргыг чийгшүүлж арьсны чийгшлийг хадгалах чадварыг хэлнэ.