Эрдэнэ шишийн үр хөврөлөөс гаргаж авсан тос [zea mays (corn) germ oil]

Эрдэнэ шишийн үр хөврөлөөс (germ) гаргаж авсан тос билээ. Уг тос нь омега-6 болон 9 *тосон хүчлүүдээр баялаг бөгөөд витамин Е болон цайр элементийг (zinc) ихээр агуулдаг юм.
Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
- Тосон хүчлүүд нь арьсыг хамгаалах тосон давхаргыг бэхжүүлэн чийгшил хадгалж арьсыг нөхөн төлжүүлнэ
- Витамин Е нь хүчтэй *антиоксидант бөгөөд арьсыг хамгаалах тосон давхаргыг мөн дэмжинэ
- Цайр нь антиоксидант, үрэвслийн эсрэг болон бактерийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд арьсны нөхөн төлжих процесс болон *коллагены үйлдвэрлэлд хэрэгтэй элемент юм. Мөн түүнчлэн 5-альфа редактаз (5-alpha reductase) *ферментийн үйл ажиллагааг зогсоох байдлаар арьсны *себум тосны үйлдвэрлэлийг зохицуулж өгөх чадвартай
Ямар арьсанд тохирох вэ?:
Бүх төрлийн арьсанд тохирно.
*Тосон хүчил (fatty acid)
Хүний бие махбод болон хоол хүнсэн дэх тосыг бүрдүүлдэг гол бүрэлдэхүүн хэсэг нь тосон хүчил байдаг бөгөөд ихэвчлэн гурав гурваараа глицерин (glycerin) хэмээх молекултай холбогдож улмаар триглицерид (triglyceride) хэлбэрээр оршдог билээ. Тосон хүчил нь ханаагүй болон ханасан гээд хоёр төрөлтэй байдаг. Ханасан тосон хүчлээр баялаг хоол хүнс нь масло, амьтны өөх тос гэх мэт байдаг бол ханаагүй тосон хүчлээр баялаг нь ихэвчлэн ургамлын гаралтай тоснууд байдаг (оливын тос, наран цэцгийн тос, маалингын тос гэх мэт).
*Антиоксидант (antioxidant)
Чөлөөт радикалтай (free radicals) тэмцэх үйлчилгээг эсвэл чөлөөт радикалтай тэмцэх үйлчилгээтэй молекулыг хэлнэ.
*Коллаген (collagen)
Хүний биед хамгийн ихээр байдаг уураг билээ. Коллаген нь арьсны дунд давхарга болох жинхэнэ арьсны давхаргад (dermis) байдаг бөгөөд арьсыг чанга байлгаж унжихаас нь сэргийлдэг. Гэхдээ нас ахих тусам коллагены хэмжээ багасдаг тул арьс улмаар унжиж үрчлээтэж хөгширдөг байгаа.
*Фермент (enzyme)
Аливаа урвалыг хурдасгах үүрэгтэй онцгой уургийг хэлнэ.
*Себум (sebum)
Хүний арьсны тосны булчирхайнаас ялгардаг тос бөгөөд арьсыг гаднын хор хөнөөлөөс хамгаалж чийгшил хадгалах үүргийг гүйцэтгэдэг. Себум тосны ойролцоогоор 50 гаруй хувь нь триглицерид (triglyceride), 25 гаруй хувь нь нийлмэл эфирэн лав (wax esters), ойролцоогоор 12 хувь нь сквален тосон молекул (squalene), үлдсэн хувь нь холестерин (cholesterol) билээ.