Крамбе абиссиника цэцгийн үрийн тос [crambe abyssinica seed oil]

Этиоп улсаас үүсэл гаралтай уг цэцгийн үрийн тос нь эрүсийн хүчил (erucic acid; омега-9 төрлийн *тосон хүчил), олеийн хүчил (oleic acid; омега-9 төрлийн тосон хүчил) болон линолын хүчлээр (linoleic acid; омега-6 төрлийн тосон хүчил) баялаг тос юм.
Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
- Дээр дурдсан тосон хүчлүүдийг агуулснаар хүний арьсны хэт их ялгарч буй *себум тослогийг зохицуулж батгашилттай тэмцэнэ
- Арьсыг хамгаалах давхаргыг бэхжүүлснээр чийгшил хадгалж арьсыг гаднын нөлөө, бохирдлоос хамгаална
- Үрэвсэл дарж арьсыг нөхөн төлжүүлэх ач тустай
Ямар арьсанд тохирох вэ?:
Бүх төрлийн арьсанд тохирно.
*Тосон хүчил (fatty acid)
Хүний бие махбод болон хоол хүнсэн дэх тосыг бүрдүүлдэг гол бүрэлдэхүүн хэсэг нь тосон хүчил байдаг бөгөөд ихэвчлэн гурав гурваараа глицерин (glycerin) хэмээх молекултай холбогдож улмаар триглицерид (triglyceride) хэлбэрээр оршдог билээ. Тосон хүчил нь ханаагүй болон ханасан гээд хоёр төрөлтэй байдаг. Ханасан тосон хүчлээр баялаг хоол хүнс нь масло, амьтны өөх тос гэх мэт байдаг бол ханаагүй тосон хүчлээр баялаг нь ихэвчлэн ургамлын гаралтай тоснууд байдаг (оливын тос, наран цэцгийн тос, маалингын тос гэх мэт).
*Себум (sebum)
Хүний арьсны тосны булчирхайнаас ялгардаг тос бөгөөд арьсыг гаднын хор хөнөөлөөс хамгаалж чийгшил хадгалах үүргийг гүйцэтгэдэг. Себум тосны ойролцоогоор 50 гаруй хувь нь триглицерид (triglyceride), 25 гаруй хувь нь нийлмэл эфирэн лав (wax esters), ойролцоогоор 12 хувь нь сквален тосон молекул (squalene), үлдсэн хувь нь холестерин (cholesterol) билээ.