Үдшийн хаваршил цэцгийн тос [oenothera biennis (evening primrose) oil]

Хойд Америкаас үүсэл гаралтай үдшийн хаваршил цэцгийн үрээс гаргаж авсан тос нь гамма линолений *тосон хүчлээр (Gamma Linolenic Acid; GLA) нэлээн баялаг юм. Бид линолын хүчлийг (linoleic acid буюу омега-6 тосон хүчил) идэж хэрэглэдэг ногоо, ургамлын тосноос хангалттай ихийг хүртэж чаддаг. Энэхүү линолын хүчил нь дараа нь дельта-6-десатураз (delta-6-desaturase; D6D) *ферментийн тусламжтайгаар гамма линолений хүчил болж хувирдаг. Эцэст нь гамма линолений хүчил нь дараа дараагийн урвалаар простагландин-1 (prostaglandin-1; PG-1) молекул болж хувирдаг.
Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
- Простагландин-1 молекул нь арьсны үрэвсэл дарж арьсыг тайвшруулахаас гадна арьсны чийгшлийг зохицуулах үйлчилгээтэй
- Экзем (eczema), атопик дерматит (atopic dermatitis) болон псориаз (psoriasis) мэтийн арьсны асуудалтай хүмүүсийн арьсан дахь линолын хүчлийн хэмжээ нь ихэссэн байдалтай мөртлөө гамма линолений хүчлийн хэмжээ нь багассан нөхцөлтэй байдаг. Энэ нь тухайн хүмүүсийн арьсан дахь дельта-6-десатураз фермент нь муу ажиллагаатай байгаа гэсэн үг юм. Гамма линолений хүчил нь бага байгаа юм чинь үрэвслийн эсрэг, арьс тайвшруулдаг, чийгшил зохицуулдаг үйлчилгээтэй простагландин-1 молекул нь бага байх нь аргагүй юм. Ийм учраас үдшийн хаваршил цэцгийн үрийн тос нь гамма линолений хүчлээр дутагдсан арьсанд гамма линолений хүчлийн хэмжээг хэвийн байдалд нь оруулах чухал үйлчилгээг үзүүлнэ
экзем
атопик дерматит
псориаз
- Гамма линолений хүчлээс гадна линолын хүчлийг бас ихээр агуулдаг бөгөөд энэ нь үрэвсэл дарж, чийгшил хадгалж, шарх эдгээж, арьсны зөөлөн, уян хатан байдлыг сайжруулдаг
- Мөн түүнчлэн олеийн хүчил (oleic acid) буюу омега-9-ийг агуулдаг тул *чөлөөт радикалтай тэмцэнэ, арьсны уян хатан болон зөөлөн байдлыг хадгална
- Эдгээр тосон хүчлүүдийг агуулснаар арьсыг хамгаалах тосон давхаргыг бас бэхжүүлнэ
Ямар арьсанд тохирох вэ?:
Бүх төрлийн арьсанд тохирно, ялангуяа үрэвссэн, хуурайшсан арьсанд нэн ач тустай.
*Тосон хүчил (fatty acid)
Хүний бие махбод болон хоол хүнсэн дэх тосыг бүрдүүлдэг гол бүрэлдэхүүн хэсэг нь тосон хүчил байдаг бөгөөд ихэвчлэн гурав гурваараа глицерин (glycerin) хэмээх молекултай холбогдож улмаар триглицерид (triglyceride) хэлбэрээр оршдог билээ. Тосон хүчил нь ханаагүй болон ханасан гээд хоёр төрөлтэй байдаг. Ханасан тосон хүчлээр баялаг хоол хүнс нь масло, амьтны өөх тос гэх мэт байдаг бол ханаагүй тосон хүчлээр баялаг нь ихэвчлэн ургамлын гаралтай тоснууд байдаг (оливын тос, наран цэцгийн тос, маалингын тос гэх мэт).
*Фермент (enzyme)
Аливаа урвалыг хурдасгах үүрэгтэй онцгой уургийг хэлнэ.
*Чөлөөт радикал (free radicals)
Эсийн бодисын солилцооны үеэр үүсдэг тогтворгүй молекул бөгөөд ДНХ (DNA), липид тосон молекул (lipid), уураг (protein) гэх мэт эд эсийн молекулуудыг гэмтээх чадвартай. Нас ахих тусам биеийн чөлөөт радикалтай тэмцэх чадвар нь доройтдог тул элдвийн өвчин эмгэг үүсэх нь өндөр боломжтой болохын сацуу хөгшрөлтийн процесс хурдасдаг. Улмаар арьс хөгширч үрчлээс, нөсөө ихээр үүсдэг. Чөлөөт радикал нь эсийн бодисын солилцооны үеэр үүсэж бий болохоос гадна нарны хорт туяа болон бусад гаднын хүчин нөлөөнөөс (эрүүл бус хооллолт, тамхи, стресс, агаарын бохирдол гэх мэт) болж үүсэх боломжтой.