Гликолын хүчил [glycolic acid]

*Альфа гидрокси хүчлүүдийн голлох жишээ болох гликолын хүчил нь бүх альфа гидрокси төрлийн хүчлүүдийн дунд хамгийн бага молекулын жинтэй нь бөгөөд арьсанд улмаар сайн нэвтэрч чаддаг билээ. Гликолын хүчил нь олон төрлийн жимс, ургамалд агуулагддаг (жишээлбэл, усан үзэм, чихрийн нишингэ буюу sugar cane, жүрж, нэрс, гүзээлзгэнэ, киви гэх мэт). 

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:

  • Арьсыг зөөлөн гуужуулах үйлчилгээ үзүүлнэ
  • *Коллаген болон *гиалуроны хүчлийн үйлдвэрлэлийг дэмжиж *эластин мяндаснуудын чанарыг сайжруулах байдлаар хөгшрөлтийн эсрэг нөлөө үзүүлнэ
  • Арьсны чанар сайжирна

Ямар арьсанд тохирох вэ?:

Бүх төрлийн арьсанд тохирно.

*Альфа гидрокси хүчил (alpha hydroxy acid/AHA)

Арьсны үхсэн эсүүдийг гуужуулах чадвартай 3 төрлийн хүчил байдаг: альфа (AHA), бета (BHA), поли гидрокси хүчил (PHA). AHA нь усанд уусах чадвартай бөгөөд хуурай арьсанд хамгийн тохиромжтой, BHA нь тосонд уусах чадвартай бөгөөд тослог, батгашилттай арьсанд хамгийн тохиромжтой, PHA нь усанд уусах чадвартай бөгөөд АНА-ийн илүү зөөлөн хэлбэр гэж ойлгож болох тул эмзэг арьсанд хамгийн тохиромжтой байдаг.

*Коллаген (collagen)

Хүний биед хамгийн ихээр байдаг уураг билээ. Коллаген нь арьсны дунд давхарга болох жинхэнэ арьсны давхаргад (dermis) байдаг бөгөөд арьсыг чанга байлгаж унжихаас нь сэргийлдэг. Гэхдээ нас ахих тусам коллагены хэмжээ багасдаг тул арьс улмаар унжиж үрчлээтэж хөгширдөг байгаа. 

*Гиалуроны хүчил (hyaluronic acid)

Хүний биед байдаг, (C14H21NO11)n химийн томьёотой полисахарид (polysaccharide) молекул бөгөөд ойролцоогоор 50% нь арьсанд олддог. Гиалуроны хүчил нь арьсыг чийгшилтэй байлгаж өгдөг үндсэн үүрэгтэй. Нас ахих тусам мөн нарны хорт туяаны улмаас арьсан дахь тоо хэмжээ нь багасдаг тул арьс хуурайшиж үрчлээтдэг билээ.

*Эластин (elastin)

Хүний биед үйлдвэрлэгддэг уураг билээ. Эластин нь арьсны дунд давхарга болох жинхэнэ арьсны давхаргад (dermis) байдаг бөгөөд арьсыг уян хатан байлгаж сунах чадвартай болгож өгдөг (татаж сунгавал буцаад хэвийн хэлбэр лүүгээ ордог). Гэхдээ нас ахих тусам эластины хэмжээ багасдаг тул арьс улмаар унжиж үрчлээтэж хөгширдөг байгаа.