Нугын шивэл ургамлын ханд [equisetum arvense (horsetail) extract]

Европ, Ази, Хойд Америк тивүүдийн сэрүүвтэр/дулаандуу цаг ууртай бүс нутгийн чийгтэй, элсэрхэг хөрсөнд ургадаг бөгөөд уламжлалт эмчилгээнд 17-р зуунаас хойш хэрэглэгдсээр ирсэн эмийн ургамал юм. Гоо сайхны ертөнцөд маш их анхаарлыг татдаг, учир нь бусад ургамлуудын дундаас хамгийн их силикон элементийг (silicon, SiO2/silica хэлбэрээр) агуулдаг тул. Силикон элемент нь хүний эрүүл мэндэд маш чухал: цусны судас, арьс, үс, хумс, эд эрхтний бөх байдалд маш их хэрэгтэй [холбогч эдүүдийн уян хатан байдал, бат бөх байдалд хувь нэмэр оруулдаг элемент билээ]. Силикон элементээс гадна кали эрдэс (potassium), *флавоноид молекул болон кафеийн хүчлийн (caffeic acid) *дайвар бүтээгдэхүүнийг агуулдаг.

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:

  • Арьс чангална
  • *Чөлөөт радикалтай тэмцэнэ
  • Чийгшүүлэх нөлөө үзүүлж арьсны бүтцийг сайжруулна
  • Үрэвсэл дарна
  • Бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ
  • Нүхжилт багасгана
  • Үрчлээс багасгаж хөгшрөлтийн эсрэг нөлөө үзүүлнэ (силикон элемент нь *коллаген үйлдвэрлэхэд тусалдаг гол хүчин зүйлсийн нэг юм)

Ямар арьсанд тохирох вэ?:

Хөгшрөлтийн улмаас доройтож буй бүх төрлийн арьсанд нэн ач тустай.

*Флавоноид (flavonoid)

Жимс, ногоо, ургамалд агуулагддаг фитободисууд бөгөөд тэдгээрийн өнгийг нь тодорхой хэмжээгээр хангаж өгдөг пигмент юм.

*Дайвар бүтээгдэхүүн/бодис (derivative)

Аливаа нэг бодисын төстэй гэхдээ арай өөр хэлбэрийг хэлнэ. Жишээлбэл, витамин В5 бодисын дайвар бүтээгдэхүүн болох пантенолыг (panthenol) арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдэд түлхүү ашигладаг. Пантенол нь арьсанд шингэмэгц витамин В5 болж хувирч үйлчилгээгээ үзүүлдэг, гэхдээ витамин B5-аас илүү тогтвортой, арьсанд илүү сайн шингэх чадвартай хувилбар учраас гоо сайхны брэндүүд уг дайвар бодисыг илүүд үздэг юм.  

*Чөлөөт радикал (free radicals)

Эсийн бодисын солилцооны үеэр үүсдэг тогтворгүй молекул бөгөөд ДНХ (DNA), липид тосон молекул (lipid), уураг (protein) гэх мэт эд эсийн молекулуудыг гэмтээх чадвартай. Нас ахих тусам биеийн чөлөөт радикалтай тэмцэх чадвар нь доройтдог тул элдвийн өвчин эмгэг үүсэх нь өндөр боломжтой болохын сацуу хөгшрөлтийн процесс хурдасдаг. Улмаар арьс хөгширч үрчлээс, нөсөө ихээр үүсдэг. Чөлөөт радикал нь эсийн бодисын солилцооны үеэр үүсэж бий болохоос гадна нарны хорт туяа болон бусад гаднын хүчин нөлөөнөөс (эрүүл бус хооллолт, тамхи, стресс, агаарын бохирдол гэх мэт) болж үүсэх боломжтой.

*Коллаген (collagen)

Хүний биед хамгийн ихээр байдаг уураг билээ. Коллаген нь арьсны дунд давхарга болох жинхэнэ арьсны давхаргад (dermis) байдаг бөгөөд арьсыг чанга байлгаж унжихаас нь сэргийлдэг. Гэхдээ нас ахих тусам коллагены хэмжээ багасдаг тул арьс улмаар унжиж үрчлээтэж хөгширдөг байгаа.