Гидранов Пи комплекс [Hydranov P]
Франц улсын CODIF Technologie Naturelle компанийн бүтээсэн комплекс бүтээгдэхүүн бөгөөд онцлох найрлага нь:
- Oligofurcellaran/Hydrolyzed furcellaran (sodium carrageenan) [олигофүрцелларан/*гидролизжуулсан фүрцелларан (натрийн каррагинан); Furcellaria fastigiata хэмээх улаан замгаас гаргаж авсан *полисахарид юм]
Furcellaria fastigiata
Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
Олигофүрцеллараныг агуулдаг тул
- *хюмектант аргачлалаар арьсыг чийгшүүлнэ
- арьсны *эпидермис давхаргын гүн давхаргууд болох стратум спиносум (stratum spinosum) болон стратум базале (stratum basale) дахь *гиалуроны хүчлийн үйлдвэрлэлийг ихэсгэх үйлчилгээ үзүүлнэ. Тухайн давхаргуудад гиалуроны хүчил байх нь чухал, учир нь тийм байснаар эпидермисийн гүн давхаргууд чийгшүүлэгдэх бөгөөд нийт эпидермисийн бүтцийн шинэчлэлтийн процесс байнга явагдах боломжтой болдог байна
- арьсыг хамгаалах тосон давхарга буюу тосон матрикстай *эвэрлэг давхарга дахь *керамидын үйлдвэрлэлийг ихэсгэх ач холбогдолтой. Ингэснээр тухайн тосон давхарга нь бэхжиж чийгшлийн алдагдлаас сэргийлнэ
- эвэрлэг давхаргад байдаг, агаараас чийгшлийг татан авах шинж чанартай *амин хүчлүүдийн хэмжээг ихэсгэнэ. Эдгээр амин хүчлүүд нь хүний *арьсны өөрийнх нь үйлдвэрлэдэг чийгшүүлэгч факторуудын гол бүрэлдэхүүн хэсэг билээ

Stratum lucidum* нь зөвхөн гарын алга болон хөлийн уланд байдаг
Энэ бүх ашиг тусыг нийтэд нь харж дүгнэвэл энэхүү комплекс нь эпидермис давхаргыг бүхлээр нь чийгшүүлдэг гэж хэлж болохоор байна (эпидермисийн дээд давхарга болон гүн давхаргууд). Ингэж чийгшүүлэхийн зэрэгцээ чийгшил хадгалагдах болон арьсны бүтэц шинэчлэгдэх боломжийг бүрдүүлдэг.
Ямар арьсанд тохирох вэ?:
Бүх төрлийн арьсанд тохирно, гэхдээ хуурай арьсанд нэн ач тустай.
*Гидролизжуулсан (hydrolyzed)
Аливаа урт гинжин молекулыг арьсанд илүү гүн шингэх боломжийг нь бүрдүүлэхийн тулд усны молекултай урвалд оруулж жижиг жижиг хэсэг болгон тастаж богиносгосон гэсэн үг юм.
*Полисахарид (polysaccharide)
Сахран молекулуудаас бүрдсэн урт гинжин молекул бөгөөд тодорхой төрлийн нүүрс усыг (carbohydrate) бүрдүүлдэг билээ.
*Хюмектант (humectant)
Агаараас чийгшлийг татаж эсвэл арьсны гүнээс ууршин гадагшлах гэж буй чийгшлийг арьсны дээд давхаргад хуримтлуулж улмаар тухайн давхаргыг чийгшүүлж арьсны чийгшлийг хадгалах чадварыг хэлнэ.
*Эпидермис буюу өнгөн давхарга (epidermis)
Хүний арьс 3 гол давхаргатай: хамгийн доод давхарга буюу өөхөн давхарга (subcutaneous layer/hypodermis), дунд давхарга болох жинхэнэ арьсны давхарга (dermis), хамгийн дээд давхарга буюу өнгөн давхарга (epidermis)
*Гиалуроны хүчил (hyaluronic acid)
Хүний биед байдаг, (C14H21NO11)n химийн томьёотой полисахарид (polysaccharide) молекул бөгөөд ойролцоогоор 50% нь арьсанд олддог. Гиалуроны хүчил нь арьсыг чийгшилтэй байлгаж өгдөг үндсэн үүрэгтэй. Нас ахих тусам мөн нарны хорт туяаны улмаас арьсан дахь тоо хэмжээ нь багасдаг тул арьс хуурайшиж үрчлээтдэг билээ.
*Эвэрлэг давхарга (stratum corneum)
Хүний арьс 3 гол давхаргатай: хамгийн доод давхарга буюу өөхөн давхарга (subcutaneous layer/hypodermis), дунд давхарга болох жинхэнэ арьсны давхарга (dermis), хамгийн дээд давхарга буюу өнгөн давхарга (epidermis). Өнгөн давхарга нь өөрөө дотроо хэд хэдэн давхаргатай бөгөөд эдгээр давхаргуудын хамгийн дээд давхаргыг эвэрлэг давхарга буюу stratum corneum гэдэг.
*Керамид (ceramide)
Сфингосин молекул (sphingosine) болон тосон хүчлээс (fatty acid) бүрддэг липид (lipid) тосон молекул билээ. Хүний арьсны хамгийн дээд давхарга болох эвэрлэг давхаргад (stratum corneum) байдаг бөгөөд арьсыг хамгаалах тосон давхаргын нийт бүрэлдэхүүний 50-иас дээш хувийг эзэлдэг тул арьс хэрхэн харагдаж мөн гаднын нөлөөнөөс хэр сайн өөрийгөө хамгаалдаг нь энэхүү молекулаас голцуу шалтгаалдаг юм.
*Амин хүчил (amino acid)
Уургийг (protein) бүрдүүлдэг молекул билээ. Жишээлбэл, коллаген нь уураг тул тодорхой төрлийн амин хүчлүүдээс бүрддэг юм.
*Арьсны өөрийнх нь үйлдвэрлэдэг чийгшүүлэгч факторууд (NMF/natural moisturizing factors)
Эдгээр нь голцуу амин хүчил (amino acids), амин хүчлүүдийн дайвар бүтээгдэхүүнүүд (derivatives of amino acids), сахран молекулууд болон шүвтэр (urea) байдаг. NMF-үүд маань арьсны хамгийн дээд давхарга болох эвэрлэг давхаргын (stratum corneum) корнеоцит эсүүдэд (corneocytes) байдаг бөгөөд хюмектант чийгшүүлэгч (humectant) учраас чийгшлийг агаараас татах эсвэл арьсны гүнээс ууршин гадагшлах гэж буй чийгшлийг арьсны дээд давхаргад хуримтлуулах байдлаар арьсны чийгшлийг хадгалж өгдөг байгаа. Хүний арьсан дахь NMF-үүдийн хамгийн том бүрэлдэхүүн хэсэг нь амин хүчлүүд билээ. Эдгээр амин хүчлүүдийн 36%-ийг serine, 22%-ийг glycine, 13%-ийг alanine, үлдсэн нь histidine, ornithine, citrulline, arginine тус тус 6-8%-ийг эзэлдэг байна.