Гидролизжуулсан исгэгч [hydrolyzed yeast]

Saccharomyces cerevisiae гэсэн латин нэртэй билээ. Ханд нь *антиоксидант бодис, уураг, *амин хүчил, эрдэс болон витаминуудыг агуулдаг (ялангуяа витамин В-гээр баялаг).
Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
- Арьсыг *чөлөөт радикалаас хамгаална
- Арьсыг маш сайн чийгшүүлнэ
- Арьсны *себум тосны хэмжээг багасгаж батгатай тэмцэнэ
- *Коллагены үйлдвэрлэлийг дэмжиж хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ
- Арьсны эсийн шинэчлэлтийн процесст тусална
- Арьс цайруулах, нөсөө багасгах нөлөө үзүүлнэ
- Үрэвсэл дарж арьсыг эдгэрч засварлагдахад тусална
Ямар арьсанд тохирох вэ?:
Бүх төрлийн арьсанд тохирно.
*Антиоксидант (antioxidant)
Чөлөөт радикалтай (free radicals) тэмцэх үйлчилгээг эсвэл чөлөөт радикалтай тэмцэх үйлчилгээтэй молекулыг хэлнэ.
*Амин хүчил (amino acid)
Уургийг (protein) бүрдүүлдэг молекул билээ. Жишээлбэл, коллаген нь уураг тул тодорхой төрлийн амин хүчлүүдээс бүрддэг юм.
*Чөлөөт радикал (free radicals)
Эсийн бодисын солилцооны үеэр үүсдэг тогтворгүй молекул бөгөөд ДНХ (DNA), липид тосон молекул (lipid), уураг (protein) гэх мэт эд эсийн молекулуудыг гэмтээх чадвартай. Нас ахих тусам биеийн чөлөөт радикалтай тэмцэх чадвар нь доройтдог тул элдвийн өвчин эмгэг үүсэх нь өндөр боломжтой болохын сацуу хөгшрөлтийн процесс хурдасдаг. Улмаар арьс хөгширч үрчлээс, нөсөө ихээр үүсдэг. Чөлөөт радикал нь эсийн бодисын солилцооны үеэр үүсэж бий болохоос гадна нарны хорт туяа болон бусад гаднын хүчин нөлөөнөөс (эрүүл бус хооллолт, тамхи, стресс, агаарын бохирдол гэх мэт) болж үүсэх боломжтой.
*Себум (sebum)
Хүний арьсны тосны булчирхайнаас ялгардаг тос бөгөөд арьсыг гаднын хор хөнөөлөөс хамгаалж чийгшил хадгалах үүргийг гүйцэтгэдэг. Себум тосны ойролцоогоор 50 гаруй хувь нь триглицерид (triglyceride), 25 гаруй хувь нь нийлмэл эфирэн лав (wax esters), ойролцоогоор 12 хувь нь сквален тосон молекул (squalene), үлдсэн хувь нь холестерин (cholesterol) билээ.
*Коллаген (collagen)
Хүний биед хамгийн ихээр байдаг уураг билээ. Коллаген нь арьсны дунд давхарга болох жинхэнэ арьсны давхаргад (dermis) байдаг бөгөөд арьсыг чанга байлгаж унжихаас нь сэргийлдэг. Гэхдээ нас ахих тусам коллагены хэмжээ багасдаг тул арьс улмаар унжиж үрчлээтэж хөгширдөг байгаа.