Гидровитон комплекс [Hydroviton®]

Герман улсын Symrise компанийн бүтээсэн комплекс бүтээгдэхүүн бөгөөд онцлох найрлага нь:

  • Propylene glycol [пропилин гликол; арьс зөөлрүүлэгч, *хюмектант чийгшүүлэгч, найрлага дахь бусад бодисыг уусгаж арьсанд амархан шингэхэд нь тусалдаг, *презерватив]
  • Glycerin [*глицерин; хюмектант чийгшүүлэгч бөгөөд бага зэргийн бактерийн эсрэг нөлөөтэй]
  • Urea [шүвтэр; хюмектант чийгшүүлэгч бөгөөд *арьсны өөрийнх нь үйлдвэрлэдэг чийгшүүлэгч факторуудын нэг юм]
  • Sodium chloride [натрийн хлорид; презерватив бөгөөд хюмектант чийгшүүлэгч]
  • Sodium lactate [натрийн лактат; лактатыг хангаж өгөх бөгөөд энэ нь хюмектант чийгшүүлэгч ба арьсны өөрийнх нь үйлдвэрлэдэг чийгшүүлэгч факторуудын нэг юм]
  • Serine [серин *амин хүчил; хюмектант чийгшүүлэгч бөгөөд арьсны өөрийнх нь үйлдвэрлэдэг чийгшүүлэгч факторуудын нэг юм]
  • Allantoin [аллантоин молекул; шинэ эс үүсгэж шарх эдгээдэг, арьсны үхсэн эсийг гуужуулж арьсыг зөөлөн, толигор болгодог, *коллагены үйлдвэрлэлийг дэмждэг, арьсыг тайвшруулж хюмектант аргаар чийгшүүлдэг]
  • Glucose [глюкоз сахран молекул; хюмектант чийгшүүлэгч бөгөөд арьсны өөрийнх нь үйлдвэрлэдэг чийгшүүлэгч факторуудын нэг юм]

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:

  • Дээр дурдсанчлан зөндөө олон хюмектант үйлчилгээтэй бодисуудыг агуулдаг тул энэхүү комплексын гол ач холбогдол нь арьсны дээд давхаргыг 48 цагийн турш чийгшүүлэх явдал юм

Ямар арьсанд тохирох вэ?:

Бүх төрлийн арьсанд тохирно, гэхдээ хуурай арьсанд нэн ач тустай.

*Хюмектант (humectant)

Агаараас чийгшлийг татаж эсвэл арьсны гүнээс ууршин гадагшлах гэж буй чийгшлийг арьсны дээд давхаргад хуримтлуулж улмаар тухайн давхаргыг чийгшүүлж арьсны чийгшлийг хадгалах чадварыг хэлнэ.

*Презерватив (preservative) 

Аливаа бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртасгагч бодисыг хэлнэ.

*Глицерин (glycerin)

Глицерол (glycerol) гэсэн өөр нэршилтэй ба C3H8O3 химийн томьёотой бөгөөд ногоо, амьтны тосноос гаргаж авдаг, өнгөгүй, үнэргүй, бага зэрэг чихэрлэг амттай, байгалийн өтгөн шингэн бодис юм.

*Арьсны өөрийнх нь үйлдвэрлэдэг чийгшүүлэгч факторууд (NMF/natural moisturizing factors) 

Эдгээр нь голцуу амин хүчил (amino acids), амин хүчлүүдийн дайвар бүтээгдэхүүнүүд (derivatives of amino acids), сахран молекулууд болон шүвтэр (urea) байдаг. NMF-үүд маань арьсны хамгийн дээд давхарга болох эвэрлэг давхаргын (stratum corneum) корнеоцит эсүүдэд (corneocytes) байдаг бөгөөд хюмектант чийгшүүлэгч (humectant) учраас чийгшлийг агаараас татах эсвэл арьсны гүнээс ууршин гадагшлах гэж буй чийгшлийг арьсны дээд давхаргад хуримтлуулах байдлаар арьсны чийгшлийг хадгалж өгдөг байгаа. Хүний арьсан дахь NMF-үүдийн хамгийн том бүрэлдэхүүн хэсэг нь амин хүчлүүд билээ. Эдгээр амин хүчлүүдийн 36%-ийг serine, 22%-ийг glycine, 13%-ийг alanine, үлдсэн нь histidine, ornithine, citrulline, arginine тус тус 6-8%-ийг эзэлдэг байна. 

*Амин хүчил (amino acid)

Уургийг (protein) бүрдүүлдэг молекул билээ. Жишээлбэл, коллаген нь уураг тул тодорхой төрлийн амин хүчлүүдээс бүрддэг юм.

*Коллаген (collagen)

Хүний биед хамгийн ихээр байдаг уураг билээ. Коллаген нь арьсны дунд давхарга болох жинхэнэ арьсны давхаргад (dermis) байдаг бөгөөд арьсыг чанга байлгаж унжихаас нь сэргийлдэг. Гэхдээ нас ахих тусам коллагены хэмжээ багасдаг тул арьс улмаар унжиж үрчлээтэж хөгширдөг байгаа.