Япон нотвид ургамлын үндэснээс гаргаж авсан ханд [polygonum cuspidatum (japanese knotweed) root extract]

Зүүн Азиас үүсэл гаралтай энэхүү ургамал нь Polygonum cuspidatum гэсэн латин нэртэй бөгөөд усан үзэмд агуулагддаг резвератрол молекулыг (resveratrol) ихээр агуулдаг гэнэ (биед илүү сайн шингэж ашиглагддаг trans-resveratrol хэлбэрийг голцуу агуулдгаараа давуу талтай). Уг молекул нь гоо сайхны ертөнцөд алдартай *антиоксидант билээ. Энэхүү ургамлын хандыг үндэснээс нь гаргаж авдаг байна.

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:

Резвератролоор баялаг тул

  • *чөлөөт радикал, гаднын хорт нөлөөнөөс арьсыг хамгаалж, арьсны өнгийг сайжруулж, арьсыг сэргээж залуужуулна
  • үрэвсэл дарж арьсыг тайвшруулах бөгөөд батга, улайлт багасгана
  • цусны эргэлтийг сайжруулж *коллаген болон *эластины задралыг зогсоож хөгшрөлтийн эсрэг нөлөө үзүүлнэ 

Ямар арьсанд тохирох вэ?:

Бүх төрлийн арьсанд тохирно.

*Антиоксидант (antioxidant)

Чөлөөт радикалтай (free radicals) тэмцэх үйлчилгээг эсвэл чөлөөт радикалтай тэмцэх үйлчилгээтэй молекулыг хэлнэ.

*Чөлөөт радикал (free radicals)

Эсийн бодисын солилцооны үеэр үүсдэг тогтворгүй молекул бөгөөд ДНХ (DNA), липид тосон молекул (lipid), уураг (protein) гэх мэт эд эсийн молекулуудыг гэмтээх чадвартай. Нас ахих тусам биеийн чөлөөт радикалтай тэмцэх чадвар нь доройтдог тул элдвийн өвчин эмгэг үүсэх нь өндөр боломжтой болохын сацуу хөгшрөлтийн процесс хурдасдаг. Улмаар арьс хөгширч үрчлээс, нөсөө ихээр үүсдэг. Чөлөөт радикал нь эсийн бодисын солилцооны үеэр үүсэж бий болохоос гадна нарны хорт туяа болон бусад гаднын хүчин нөлөөнөөс (эрүүл бус хооллолт, тамхи, стресс, агаарын бохирдол гэх мэт) болж үүсэх боломжтой.

*Коллаген (collagen)

Хүний биед хамгийн ихээр байдаг уураг билээ. Коллаген нь арьсны дунд давхарга болох жинхэнэ арьсны давхаргад (dermis) байдаг бөгөөд арьсыг чанга байлгаж унжихаас нь сэргийлдэг. Гэхдээ нас ахих тусам коллагены хэмжээ багасдаг тул арьс улмаар унжиж үрчлээтэж хөгширдөг байгаа. 

*Эластин (elastin)

Хүний биед үйлдвэрлэгддэг уураг билээ. Эластин нь арьсны дунд давхарга болох жинхэнэ арьсны давхаргад (dermis) байдаг бөгөөд арьсыг уян хатан байлгаж сунах чадвартай болгож өгдөг (татаж сунгавал буцаад хэвийн хэлбэр лүүгээ ордог). Гэхдээ нас ахих тусам эластины хэмжээ багасдаг тул арьс улмаар унжиж үрчлээтэж хөгширдөг байгаа.