Калпариан комплекс [KalparianeTM]
Франц улсын SEPPIC компанийн бүтээсэн комплекс бүтээгдэхүүн бөгөөд онцлох найрлага нь:
- Alaria esculenta extract [алария эскулента хэмээх бор замгийн ханд; уг замаг нь Хойд Атлантын далайн эрэгтэй улсууд болох Гринланд, Ирланд, Шотланд, Исланд улс орнуудад идэж хэрэглэгддэг бөгөөд *амин хүчил, *антиоксидант, витамин, эрдэс зэргээр баялаг билээ]
Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
Алария эскулента хэмээх бор замгийн ханд нь
- *коллагены үйлдвэрлэлийг дэмжиж арьсыг чангална
- *гиалуроны хүчлийн үйлдвэрлэлийг дэмжиж арьсыг чийгшүүлнэ
- гликозаминогликан (glycosaminoglycan) хэмээх *полисахарид молекулын үйлдвэрлэлийг дэмжинэ [гликозаминогликан нь коллаген болон *эластин мяндаснуудыг дэмждэг бөгөөд арьсны чийгшил хадгалагдахад тусалдаг]
- коллаген задалдаг коллагеназ (collagenase) болон эластин задалдаг эластаз (elastase) *ферментүүдийн үйл ажиллагааг зогсооно
- *чөлөөт радикалтай тэмцэж хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ
Ямар арьсанд тохирох вэ?:
Бүх төрлийн арьсанд тохирно, ялангуяа хөгширч буй, ядарсан, тамир тэнхээгээ алдсан арьсанд нэн ач тустай.
*Амин хүчил (amino acid)
Уургийг (protein) бүрдүүлдэг молекул билээ. Жишээлбэл, коллаген нь уураг тул тодорхой төрлийн амин хүчлүүдээс бүрддэг юм.
*Антиоксидант (antioxidant)
Чөлөөт радикалтай (free radicals) тэмцэх үйлчилгээг эсвэл чөлөөт радикалтай тэмцэх үйлчилгээтэй молекулыг хэлнэ.
*Коллаген (collagen)
Хүний биед хамгийн ихээр байдаг уураг билээ. Коллаген нь арьсны дунд давхарга болох жинхэнэ арьсны давхаргад (dermis) байдаг бөгөөд арьсыг чанга байлгаж унжихаас нь сэргийлдэг. Гэхдээ нас ахих тусам коллагены хэмжээ багасдаг тул арьс улмаар унжиж үрчлээтэж хөгширдөг байгаа.
*Гиалуроны хүчил (hyaluronic acid)
Хүний биед байдаг, (C14H21NO11)n химийн томьёотой полисахарид (polysaccharide) молекул бөгөөд ойролцоогоор 50% нь арьсанд олддог. Гиалуроны хүчил нь арьсыг чийгшилтэй байлгаж өгдөг үндсэн үүрэгтэй. Нас ахих тусам мөн нарны хорт туяаны улмаас арьсан дахь тоо хэмжээ нь багасдаг тул арьс хуурайшиж үрчлээтдэг билээ.
*Полисахарид (polysaccharide)
Сахран молекулуудаас бүрдсэн урт гинжин молекул бөгөөд тодорхой төрлийн нүүрс усыг (carbohydrate) бүрдүүлдэг билээ.
*Эластин (elastin)
Хүний биед үйлдвэрлэгддэг уураг билээ. Эластин нь арьсны дунд давхарга болох жинхэнэ арьсны давхаргад (dermis) байдаг бөгөөд арьсыг уян хатан байлгаж сунах чадвартай болгож өгдөг (татаж сунгавал буцаад хэвийн хэлбэр лүүгээ ордог). Гэхдээ нас ахих тусам эластины хэмжээ багасдаг тул арьс улмаар унжиж үрчлээтэж хөгширдөг байгаа.
*Фермент (enzyme)
Аливаа урвалыг хурдасгах үүрэгтэй онцгой уургийг хэлнэ.
*Чөлөөт радикал (free radicals)
Эсийн бодисын солилцооны үеэр үүсдэг тогтворгүй молекул бөгөөд ДНХ (DNA), липид тосон молекул (lipid), уураг (protein) гэх мэт эд эсийн молекулуудыг гэмтээх чадвартай. Нас ахих тусам биеийн чөлөөт радикалтай тэмцэх чадвар нь доройтдог тул элдвийн өвчин эмгэг үүсэх нь өндөр боломжтой болохын сацуу хөгшрөлтийн процесс хурдасдаг. Улмаар арьс хөгширч үрчлээс, нөсөө ихээр үүсдэг. Чөлөөт радикал нь эсийн бодисын солилцооны үеэр үүсэж бий болохоос гадна нарны хорт туяа болон бусад гаднын хүчин нөлөөнөөс (эрүүл бус хооллолт, тамхи, стресс, агаарын бохирдол гэх мэт) болж үүсэх боломжтой.