Конжак ургамлын үндэснээс гаргаж авсан ханд [amorphophallus konjac root extract]

Уг ургамал нь Зүүн Азиас үүсэл гаралтай бөгөөд хандыг нь үндэснээс нь гаргаж авдаг юм. Devil’s tongue буюу чөтгөрийн хэл гэсэн өөр нэршилтэй бөгөөд үндэс нь витамин, эрдэс, *тосон хүчил, липид тосон молекул (lipid) болон уургаар баялаг билээ. Үүнээс гадна үндэс нь глюкоманнан (glucomannan) хэмээх эслэгийг ихээр агуулдаг бөгөөд энэ нь маш их хэмжээний усыг өөртөө шингээж авч улмаар гель шиг бүтэцтэй болж хувирч чаддаг тул аливаа хүнийг удаан хугацаанд өлсүүлэхгүй байлгах чадвартай юм. Тиймээс өнөө цаг үед уг үндэс нь тураах, жин хаях зорилгоор ихээр ашиглагддаг болжээ.
Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
- Арьсанд тэжээл өгч тамир тэнхээ оруулна
- *Чөлөөт радикалтай тэмцэж арьсыг чийгшүүлэх тул хөгшрөлтийн эсрэг нөлөөтэй
- Үрэвслийн эсрэг болон бактерийн эсрэг ач холбогдолтой тул батгатай тэмцэнэ
Ямар арьсанд тохирох вэ?:
Бүх төрлийн арьсанд тохирно.
*Тосон хүчил (fatty acid)
Хүний бие махбод болон хоол хүнсэн дэх тосыг бүрдүүлдэг гол бүрэлдэхүүн хэсэг нь тосон хүчил байдаг бөгөөд ихэвчлэн гурав гурваараа глицерин (glycerin) хэмээх молекултай холбогдож улмаар триглицерид (triglyceride) хэлбэрээр оршдог билээ. Тосон хүчил нь ханаагүй болон ханасан гээд хоёр төрөлтэй байдаг. Ханасан тосон хүчлээр баялаг хоол хүнс нь масло, амьтны өөх тос гэх мэт байдаг бол ханаагүй тосон хүчлээр баялаг нь ихэвчлэн ургамлын гаралтай тоснууд байдаг (оливын тос, наран цэцгийн тос, маалингын тос гэх мэт).
*Чөлөөт радикал (free radicals)
Эсийн бодисын солилцооны үеэр үүсдэг тогтворгүй молекул бөгөөд ДНХ (DNA), липид тосон молекул (lipid), уураг (protein) гэх мэт эд эсийн молекулуудыг гэмтээх чадвартай. Нас ахих тусам биеийн чөлөөт радикалтай тэмцэх чадвар нь доройтдог тул элдвийн өвчин эмгэг үүсэх нь өндөр боломжтой болохын сацуу хөгшрөлтийн процесс хурдасдаг. Улмаар арьс хөгширч үрчлээс, нөсөө ихээр үүсдэг. Чөлөөт радикал нь эсийн бодисын солилцооны үеэр үүсэж бий болохоос гадна нарны хорт туяа болон бусад гаднын хүчин нөлөөнөөс (эрүүл бус хооллолт, тамхи, стресс, агаарын бохирдол гэх мэт) болж үүсэх боломжтой.