Австралиас үүсэл гаралтай макадамиа хэмээх модны самраас гаргаж авсан тос бөгөөд харшил үүсгэхгүй мөн нүх сүв бөглөрүүлэхгүй билээ. Маш тэжээллэг тос болохоор арьсанд өгөх супер хоол хэмээн тооцогддог (уг самар нь самруудын хатан хаан гэсэн хочтой юм).
Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
- Хүний арьсны ялгаруулдаг *себумтай төстэй агууламжтай тул арьсны тослогийн хэмжээг тэнцвэржүүлж арьсыг хамгаалах тосон давхаргыг бэхжүүлнэ
- *Сквален, омега-6 болох линолын *тосон хүчил (linoleic acid), омега-9 болох олеийн тосон хүчил (oleic acid) мөн омега-7 болох палмитолын тосон хүчлийг (palmitoleic acid) агуулдаг тул себум тосны асуудлыг шийдэж өгөхөөс гадна арьсыг нөхөн төлжүүлж шарх эдгээх бөгөөд чийгшил хадгалж арьсыг зөөлөн, толигор болгоно
- Агуулагдаж буй *фитостерол молекулууд нь үрэвсэл дарж арьсыг хамгаалах тосон давхаргыг дэмжинэ
- Агуулагдаж буй витамин Е нь *чөлөөт радикалтай тэмцэж арьсыг нарны хорт туяанаас хамгаална
- Манган элементийг (manganese) агуулдаг тул *коллагены үйлдвэрлэлийг дэмжиж үрчлээс үүсэхээс сэргийлнэ
- Язралт, сорви, улайлт болон загатнаа багасгана
Ямар арьсанд тохирох вэ?:
Бүх төрлийн арьсанд тохирно. Экзем (eczema), псориаз (psoriasis), батгашилттай, хуурай, тослог арьсанд нэн ач тустай.
экзем
псориаз
*Себум (sebum)
Хүний арьсны тосны булчирхайнаас ялгардаг тос бөгөөд арьсыг гаднын хор хөнөөлөөс хамгаалж чийгшил хадгалах үүргийг гүйцэтгэдэг. Себум тосны ойролцоогоор 50 гаруй хувь нь триглицерид (triglyceride), 25 гаруй хувь нь нийлмэл эфирэн лав (wax esters), ойролцоогоор 12 хувь нь сквален тосон молекул (squalene), үлдсэн хувь нь холестерин (cholesterol) билээ.
*Сквален (squalene)
(C₅H₈)₆ химийн томьёотой сквален нь аварга загасны элэгний тосноос анх гаргаж авч байсан түүхтэй бөгөөд хүний арьсан дахь тосны булчирхайнаас ч бас ялгарч арьсыг хамгаалдаг, өнгөгүй, ханаагүй төрлийн тосон молекул билээ (себум тосны ойролцоогоор 12%-ийг бүрдүүлдэг юм).
*Тосон хүчил (fatty acid)
Хүний бие махбод болон хоол хүнсэн дэх тосыг бүрдүүлдэг гол бүрэлдэхүүн хэсэг нь тосон хүчил байдаг бөгөөд ихэвчлэн гурав гурваараа глицерин (glycerin) хэмээх молекултай холбогдож улмаар триглицерид (triglyceride) хэлбэрээр оршдог билээ. Тосон хүчил нь ханаагүй болон ханасан гээд хоёр төрөлтэй байдаг. Ханасан тосон хүчлээр баялаг хоол хүнс нь масло, амьтны өөх тос гэх мэт байдаг бол ханаагүй тосон хүчлээр баялаг нь ихэвчлэн ургамлын гаралтай тоснууд байдаг (оливын тос, наран цэцгийн тос, маалингын тос гэх мэт).
*Фитостерол (phytosterol)
Ургамлын эсийн мембран гадаргууд (cell membrane) ихэвчлэн олддог молекул бөгөөд амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн болон хүний бие махбод дахь холестеринтой (cholesterol) төстэй бүтэцтэй тул идэж хэрэглэснээр биеийн холестерины хэмжээг бууруулах чадвартай мөн арьсанд хэрэглэснээр арьсыг хамгаалах тосон давхаргыг дэмжиж чийгшлийн алдагдлыг бууруулж үрэвсэл дарах үйлчилгээтэй билээ.
*Чөлөөт радикал (free radicals)
Эсийн бодисын солилцооны үеэр үүсдэг тогтворгүй молекул бөгөөд ДНХ (DNA), липид тосон молекул (lipid), уураг (protein) гэх мэт эд эсийн молекулуудыг гэмтээх чадвартай. Нас ахих тусам биеийн чөлөөт радикалтай тэмцэх чадвар нь доройтдог тул элдвийн өвчин эмгэг үүсэх нь өндөр боломжтой болохын сацуу хөгшрөлтийн процесс хурдасдаг. Улмаар арьс хөгширч үрчлээс, нөсөө ихээр үүсдэг. Чөлөөт радикал нь эсийн бодисын солилцооны үеэр үүсэж бий болохоос гадна нарны хорт туяа болон бусад гаднын хүчин нөлөөнөөс (эрүүл бус хооллолт, тамхи, стресс, агаарын бохирдол гэх мэт) болж үүсэх боломжтой.
*Коллаген (collagen)
Хүний биед хамгийн ихээр байдаг уураг билээ. Коллаген нь арьсны дунд давхарга болох жинхэнэ арьсны давхаргад (dermis) байдаг бөгөөд арьсыг чанга байлгаж унжихаас нь сэргийлдэг. Гэхдээ нас ахих тусам коллагены хэмжээ багасдаг тул арьс улмаар унжиж үрчлээтэж хөгширдөг байгаа.