Мадекасосид [madecassoside]

Центелла aзиатика (Centella asiatica) хэмээх ургамалд ихээр агуулагддаг терпеноид (terpenoid) төрлийн молекул юм.

 центелла aзиатика ургамал

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:

  • Улайлт болон загатнаа багасгаж арьсыг толигор болгоно
  • Арьсны үрэвслийг дарж арьсыг тайвшруулахаас гадна *чөлөөт радикалтай тэмцэнэ
  • Арьсан дахь *гиалуроны хүчлийн хэмжээг нэмэгдүүлж *коллагены үйлдвэрлэлийг ихэсгэдгийг хэд хэдэн судалгаа харуулсан тул арьсны чийгшлийг ихэсгэж хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ
  • Бактерийн эсрэг нөлөөтэй

Ямар арьсанд тохирох вэ?:

Эмзэг, эмзэгшсэн, үрэвссэн, батгашилттай, псориазтай (psoriasis), атопик дерматиттай (atopic dermatitis) арьсанд нэн ач тустай.

атопик дерматит        псориаз

*Чөлөөт радикал (free radicals)

Эсийн бодисын солилцооны үеэр үүсдэг тогтворгүй молекул бөгөөд ДНХ (DNA), липид тосон молекул (lipid), уураг (protein) гэх мэт эд эсийн молекулуудыг гэмтээх чадвартай. Нас ахих тусам биеийн чөлөөт радикалтай тэмцэх чадвар нь доройтдог тул элдвийн өвчин эмгэг үүсэх нь өндөр боломжтой болохын сацуу хөгшрөлтийн процесс хурдасдаг. Улмаар арьс хөгширч үрчлээс, нөсөө ихээр үүсдэг. Чөлөөт радикал нь эсийн бодисын солилцооны үеэр үүсэж бий болохоос гадна нарны хорт туяа болон бусад гаднын хүчин нөлөөнөөс (эрүүл бус хооллолт, тамхи, стресс, агаарын бохирдол гэх мэт) болж үүсэх боломжтой.

*Гиалуроны хүчил (hyaluronic acid)

Хүний биед байдаг, (C14H21NO11)n химийн томьёотой полисахарид (polysaccharide) молекул бөгөөд ойролцоогоор 50% нь арьсанд олддог. Гиалуроны хүчил нь арьсыг чийгшилтэй байлгаж өгдөг үндсэн үүрэгтэй. Нас ахих тусам мөн нарны хорт туяаны улмаас арьсан дахь тоо хэмжээ нь багасдаг тул арьс хуурайшиж үрчлээтдэг билээ.

*Коллаген (collagen)

Хүний биед хамгийн ихээр байдаг уураг билээ. Коллаген нь арьсны дунд давхарга болох жинхэнэ арьсны давхаргад (dermis) байдаг бөгөөд арьсыг чанга байлгаж унжихаас нь сэргийлдэг. Гэхдээ нас ахих тусам коллагены хэмжээ багасдаг тул арьс улмаар унжиж үрчлээтэж хөгширдөг байгаа.