Матриксил 3000 комплекс [MatrixylTM 3000]

Франц улсын Sederma компанийн бүтээсэн комплекс бүтээгдэхүүн бөгөөд онцлох найрлага нь:

  • Glycerin [*глицерин; *хюмектант чийгшүүлэгч бөгөөд бага зэргийн бактерийн эсрэг нөлөөтэй]
  • Palmitoyl tripeptide-1 [палмитойл трипептид-1; glycine-histidine-lysine гэсэн *амин хүчлүүдийн гинжин хэлхээ болон палмитийн *тосон хүчлээс (palmitic acid) бүрдсэн матрикин (matrikine) *пептид молекул юм]
  • Palmitoyl tetrapeptide-7 [палмитойл тетрапептид-7; glycine-glutamine-proline-arginine гэсэн амин хүчлүүдийн гинжин хэлхээ болон палмитийн тосон хүчлээс бүрдсэн матрикин пептид молекул юм]

Матрикин пептид технологи дээр суурилсан комплекс бүтээгдэхүүн билээ. Матрикин пептидүүд нь арьсны эсүүдийн үйл ажиллагааг эсийн дохиоллын аргаар зохицуулдаг. Жишээлбэл, *коллаген задлагдаж байх үед матрикин пептидүүд нь фибробласт (fibroblast) эсүүдэд шинэ коллаген үйлдвэрлээрэй хэмээн дохио өгдөг. Зөндөө олон судалгаанууд Матриксил 3000-ыг хөгшрөлтийн эсрэг, үрчлээсний эсрэг хүчтэй үйлчилгээ үзүүлдгийг нь баталсан байгаа.

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:

  • Палмитойл трипептид-1 болон палмитойл тетрапептид-7 хэмээх матрикин пептидүүд нь хамтын хүчээр коллаген болон *эластины үйлдвэрлэлийг өдөөснөөр арьс чангарч, уян хатан байдал нь сайжирна

Ямар арьсанд тохирох вэ?:

Хөгшрөлтийн улмаас доройтож буй бүх төрлийн арьсанд нэн ач тустай.

*Глицерин (glycerin)

Глицерол (glycerol) гэсэн өөр нэршилтэй ба C3H8O3 химийн томьёотой бөгөөд ногоо, амьтны тосноос гаргаж авдаг, өнгөгүй, үнэргүй, бага зэрэг чихэрлэг амттай, байгалийн өтгөн шингэн бодис юм.

*Хюмектант (humectant)

Агаараас чийгшлийг татаж эсвэл арьсны гүнээс ууршин гадагшлах гэж буй чийгшлийг арьсны дээд давхаргад хуримтлуулж улмаар тухайн давхаргыг чийгшүүлж арьсны чийгшлийг хадгалах чадварыг хэлнэ.

*Амин хүчил (amino acid)

Уургийг (protein) бүрдүүлдэг молекул билээ. Жишээлбэл, коллаген нь уураг тул тодорхой төрлийн амин хүчлүүдээс бүрддэг юм.

*Тосон хүчил (fatty acid)

Хүний бие махбод болон хоол хүнсэн дэх тосыг бүрдүүлдэг гол бүрэлдэхүүн хэсэг нь тосон хүчил байдаг бөгөөд ихэвчлэн гурав гурваараа глицерин (glycerin) хэмээх молекултай холбогдож улмаар триглицерид (triglyceride) хэлбэрээр оршдог билээ. Тосон хүчил нь ханаагүй болон ханасан гээд хоёр төрөлтэй байдаг. Ханасан тосон хүчлээр баялаг хоол хүнс нь масло, амьтны өөх тос гэх мэт байдаг бол ханаагүй тосон хүчлээр баялаг нь ихэвчлэн ургамлын гаралтай тоснууд байдаг (оливын тос, наран цэцгийн тос, маалингын тос гэх мэт).

*Пептид (peptide)

Амин хүчил молекулуудаас (amino acid) бүрдсэн урт гинжин молекул бөгөөд уургийг (protein) бүрдүүлдэг билээ.

*Коллаген (collagen)

Хүний биед хамгийн ихээр байдаг уураг билээ. Коллаген нь арьсны дунд давхарга болох жинхэнэ арьсны давхаргад (dermis) байдаг бөгөөд арьсыг чанга байлгаж унжихаас нь сэргийлдэг. Гэхдээ нас ахих тусам коллагены хэмжээ багасдаг тул арьс улмаар унжиж үрчлээтэж хөгширдөг байгаа. 

*Эластин (elastin)

Хүний биед үйлдвэрлэгддэг уураг билээ. Эластин нь арьсны дунд давхарга болох жинхэнэ арьсны давхаргад (dermis) байдаг бөгөөд арьсыг уян хатан байлгаж сунах чадвартай болгож өгдөг (татаж сунгавал буцаад хэвийн хэлбэр лүүгээ ордог). Гэхдээ нас ахих тусам эластины хэмжээ багасдаг тул арьс улмаар унжиж үрчлээтэж хөгширдөг байгаа.