Мидофом цэцгийн үрийн тос [limnanthes alba (meadowfoam) seed oil]

Limnanthes alba гэсэн латин нэртэй цэцгийн үрээс гаргаж авсан тос юм. Энэхүү цэцэг нь Хойд Америк тивээс үүсэл гаралтай бөгөөд үрээс нь гаргаж авсан тос нь эйкозеноийн *тосон хүчил (eicosenoic acid), докозеноийн тосон хүчил (docosenoic acid) болон докозадиеноийн тосон хүчлийг (docosadienoic acid) голцуу агуулдаг тул маш тогтвортой буюу хурдан доройтдоггүй төрлийн тос юм. Мөн түүнчлэн *фитостерол молекул болон витамин Е-г агуулдаг байгаа. Нүх сүв бөглөрүүлэх чанараараа доогуурт ордог тос билээ.
Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
- Агуулагдаж буй тосон хүчлүүд нь арьсны чийгшлийг хадгалж арьсыг зөөлрүүлэхээс гадна арьсны *себум тосны хэмжээг тэнцвэржүүлнэ
- Фитостерол молекул болон витамин Е нь *чөлөөт радикалтай тэмцэж үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ арьсыг хамгаалах тосон давхаргыг дэмжинэ
- 3-метоксибензил изотайоцианат (3-methoxybenzyl isothiocyanate) болон 3-метоксифенил ацетонитрил (3-methoxyphenyl acetonitrile) гэсэн бодисуудыг бас агуулдаг бөгөөд эдгээр нь *коллаген задалдаг *ферментүүдийн үйл ажиллагааг зогсоох чадвартайг нэгэн судалгаа харуулсан тул хөгшрөлтийн эсрэг нөлөө үзүүлнэ
Ямар арьсанд тохирох вэ?:
Бүх төрлийн арьсанд тохирно.
*Тосон хүчил (fatty acid)
Хүний бие махбод болон хоол хүнсэн дэх тосыг бүрдүүлдэг гол бүрэлдэхүүн хэсэг нь тосон хүчил байдаг бөгөөд ихэвчлэн гурав гурваараа глицерин (glycerin) хэмээх молекултай холбогдож улмаар триглицерид (triglyceride) хэлбэрээр оршдог билээ. Тосон хүчил нь ханаагүй болон ханасан гээд хоёр төрөлтэй байдаг. Ханасан тосон хүчлээр баялаг хоол хүнс нь масло, амьтны өөх тос гэх мэт байдаг бол ханаагүй тосон хүчлээр баялаг нь ихэвчлэн ургамлын гаралтай тоснууд байдаг (оливын тос, наран цэцгийн тос, маалингын тос гэх мэт).
*Фитостерол (phytosterol)
Ургамлын эсийн мембран гадаргууд (cell membrane) ихэвчлэн олддог молекул бөгөөд амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн болон хүний бие махбод дахь холестеринтой (cholesterol) төстэй бүтэцтэй тул идэж хэрэглэснээр биеийн холестерины хэмжээг бууруулах чадвартай мөн арьсанд хэрэглэснээр арьсыг хамгаалах тосон давхаргыг дэмжиж чийгшлийн алдагдлыг бууруулж үрэвсэл дарах үйлчилгээтэй билээ.
*Себум (sebum)
Хүний арьсны тосны булчирхайнаас ялгардаг тос бөгөөд арьсыг гаднын хор хөнөөлөөс хамгаалж чийгшил хадгалах үүргийг гүйцэтгэдэг. Себум тосны ойролцоогоор 50 гаруй хувь нь триглицерид (triglyceride), 25 гаруй хувь нь нийлмэл эфирэн лав (wax esters), ойролцоогоор 12 хувь нь сквален тосон молекул (squalene), үлдсэн хувь нь холестерин (cholesterol) билээ.
*Чөлөөт радикал (free radicals)
Эсийн бодисын солилцооны үеэр үүсдэг тогтворгүй молекул бөгөөд ДНХ (DNA), липид тосон молекул (lipid), уураг (protein) гэх мэт эд эсийн молекулуудыг гэмтээх чадвартай. Нас ахих тусам биеийн чөлөөт радикалтай тэмцэх чадвар нь доройтдог тул элдвийн өвчин эмгэг үүсэх нь өндөр боломжтой болохын сацуу хөгшрөлтийн процесс хурдасдаг. Улмаар арьс хөгширч үрчлээс, нөсөө ихээр үүсдэг. Чөлөөт радикал нь эсийн бодисын солилцооны үеэр үүсэж бий болохоос гадна нарны хорт туяа болон бусад гаднын хүчин нөлөөнөөс (эрүүл бус хооллолт, тамхи, стресс, агаарын бохирдол гэх мэт) болж үүсэх боломжтой.
*Коллаген (collagen)
Хүний биед хамгийн ихээр байдаг уураг билээ. Коллаген нь арьсны дунд давхарга болох жинхэнэ арьсны давхаргад (dermis) байдаг бөгөөд арьсыг чанга байлгаж унжихаас нь сэргийлдэг. Гэхдээ нас ахих тусам коллагены хэмжээ багасдаг тул арьс улмаар унжиж үрчлээтэж хөгширдөг байгаа.
*Фермент (enzyme)
Аливаа урвалыг хурдасгах үүрэгтэй онцгой уургийг хэлнэ.