Толбот арзаахай ургамлын үрийн тос [silybum marianum (milk thistle) seed oil]

Өмнөд Европ, Хойд Африк болон Азиас үүсэл гаралтай цэцэг бөгөөд үрээс нь тосыг нь гаргаж авдаг билээ. Silybum marianum хэмээх латин нэртэй юм. Ууж хэрэглэхэд элэг цэвэрлэж өгдөг → угаасаа үүгээрээ маш алдартай.

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:

  • Агуулагддаг силимарин (silymarin) хэмээх *флавоноид төрлийн молекул нь маш хүчтэй *антиоксидант тул *чөлөөт радикалтай тэмцэж нарны хорт туяанаас арьсыг хамгаалан хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлэх бөгөөд үрэвсэл дарна 
  • Витамин, *фитостерол болон *тосон хүчлээр баялаг тул арьсыг хамгаалах давхаргыг бэхжүүлж арьсыг нөхөн төлжүүлэх бөгөөд тэжээл өгч үрэвсэл дарна
  • Экзем (eczema), псориаз (psoriasis), батгашилт, загатнаа, улайлт гэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэж өгнө

экзем              псориаз

Ямар арьсанд тохирох вэ?:

Бүх төрлийн арьсанд тохирно.

*Флавоноид (flavonoid)

Жимс, ногоо, ургамалд агуулагддаг фитободисууд бөгөөд тэдгээрийн өнгийг нь тодорхой хэмжээгээр хангаж өгдөг пигмент юм.

*Антиоксидант (antioxidant)

Чөлөөт радикалтай (free radicals) тэмцэх үйлчилгээг эсвэл чөлөөт радикалтай тэмцэх үйлчилгээтэй молекулыг хэлнэ.

*Чөлөөт радикал (free radicals)

Эсийн бодисын солилцооны үеэр үүсдэг тогтворгүй молекул бөгөөд ДНХ (DNA), липид тосон молекул (lipid), уураг (protein) гэх мэт эд эсийн молекулуудыг гэмтээх чадвартай. Нас ахих тусам биеийн чөлөөт радикалтай тэмцэх чадвар нь доройтдог тул элдвийн өвчин эмгэг үүсэх нь өндөр боломжтой болохын сацуу хөгшрөлтийн процесс хурдасдаг. Улмаар арьс хөгширч үрчлээс, нөсөө ихээр үүсдэг. Чөлөөт радикал нь эсийн бодисын солилцооны үеэр үүсэж бий болохоос гадна нарны хорт туяа болон бусад гаднын хүчин нөлөөнөөс (эрүүл бус хооллолт, тамхи, стресс, агаарын бохирдол гэх мэт) болж үүсэх боломжтой.

*Фитостерол (phytosterol)

Ургамлын эсийн мембран гадаргууд (cell membrane) ихэвчлэн олддог молекул бөгөөд амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн болон хүний бие махбод дахь холестеринтой (cholesterol) төстэй бүтэцтэй тул идэж хэрэглэснээр биеийн холестерины хэмжээг бууруулах чадвартай мөн арьсанд хэрэглэснээр арьсыг хамгаалах тосон давхаргыг дэмжиж чийгшлийн алдагдлыг бууруулж үрэвсэл дарах үйлчилгээтэй билээ.

*Тосон хүчил (fatty acid)

Хүний бие махбод болон хоол хүнсэн дэх тосыг бүрдүүлдэг гол бүрэлдэхүүн хэсэг нь тосон хүчил байдаг бөгөөд ихэвчлэн гурав гурваараа глицерин (glycerin) хэмээх молекултай холбогдож улмаар триглицерид (triglyceride) хэлбэрээр оршдог билээ. Тосон хүчил нь ханаагүй болон ханасан гээд хоёр төрөлтэй байдаг. Ханасан тосон хүчлээр баялаг хоол хүнс нь масло, амьтны өөх тос гэх мэт байдаг бол ханаагүй тосон хүчлээр баялаг нь ихэвчлэн ургамлын гаралтай тоснууд байдаг (оливын тос, наран цэцгийн тос, маалингын тос гэх мэт).