Ниацинамид [niacinamide]
Витамин В3-ын (niacin/ниацин) *дайвар бүтээгдэхүүн билээ. Ниацин нь хэчнээн арьсанд гайхалтай хувь нэмэр оруулдаг ч гэлээ арьсыг улайлгаж харш нөлөө үзүүлдэг тул арьс арчилгааны брэндүүд ниацинамид хэлбэрийг нь бүтээгдэхүүнүүддээ оронд нь ашигладаг байна. Ниацинамид нь харш нөлөөгүй бөгөөд ниацинтай адилхан тогтвортой бодис билээ.
Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
- Арьсыг хамгаалах тосон давхаргыг бэхжихэд тусалснаар чийгшил хадгалах үйлчилгээ үзүүлнэ
- Арьсны *себум тосны үйлдвэрлэлийг зохицуулж нүхжилт багасгана
- *Чөлөөт радикалтай тэмцэнэ
- Арьсны шинэчлэлтийг өдөөж арьсыг нөхөн төлжүүлнэ
- Үрэвсэл дарж улайлт багасгадаг үйлчилгээтэй тул батгашилт, экзем (eczema) зэрэг асуудлуудыг шийдвэрлэнэ
экзем
- Хэд хэдэн судалгаа нь ниацинамидыг нарны хорт туяанаас үүдэлтэй гэмтлээс хамгаалж, үрчлээс болон нөсөө багасгаж, арьс цайруулах нөлөөтэйг харуулжээ. *Эпидермисийн гүн давхаргад меланоцит (melanocyte) хэмээх эсүүд байдаг бөгөөд энэхүү эсүүд *меланин пигментийг үйлдвэрлэдэг меланосом (melanosome) гэсэн эрхтэнцрүүдээ ойр хавийн *кератиноцит эсүүд рүү оруулан шилжүүлснээр нөсөө үүсэж арьс борлодог. Энэхүү оруулан шилжүүлэх үйл явцыг ниацинамид молекул нь зогсоодог байна
Ямар арьсанд тохирох вэ?:
Бүх төрлийн арьсанд тохирно.
Үс/хуйханд үзүүлэх үйлчилгээ:
- Хуйхан дахь цусны эргэлтийг ихсэхэд туслах тул үсний ургалтыг дэмжиж өгнө
- *Антиоксидант үйлчилгээтэй бөгөөд үрэвслийн эсрэг нөлөө үзүүлнэ
- Чийгшүүлж, хуурайшилтаас сэргийлж өгөх ач холбогдолтой ба хаг багасгахад тусална
- *Кератины үйлдвэрлэлийг ихэсгэнэ
- Хуйхан дахь себум тосны үйлдвэрлэлийг зохицуулна
Ямар үс/хуйхтай хүнд тохирох вэ?:
Үс нь ихээр унадаг хүнд нэн ач тустай.
*Дайвар бүтээгдэхүүн/бодис (derivative)
Аливаа нэг бодисын төстэй гэхдээ арай өөр хэлбэрийг хэлнэ. Жишээлбэл, витамин В5 бодисын дайвар бүтээгдэхүүн болох пантенолыг (panthenol) арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдэд түлхүү ашигладаг. Пантенол нь арьсанд шингэмэгц витамин В5 болж хувирч үйлчилгээгээ үзүүлдэг, гэхдээ витамин B5-аас илүү тогтвортой, арьсанд илүү сайн шингэх чадвартай хувилбар учраас гоо сайхны брэндүүд уг дайвар бодисыг илүүд үздэг юм.
*Себум (sebum)
Хүний арьсны тосны булчирхайнаас ялгардаг тос бөгөөд арьсыг гаднын хор хөнөөлөөс хамгаалж чийгшил хадгалах үүргийг гүйцэтгэдэг. Себум тосны ойролцоогоор 50 гаруй хувь нь триглицерид (triglyceride), 25 гаруй хувь нь нийлмэл эфирэн лав (wax esters), ойролцоогоор 12 хувь нь сквален тосон молекул (squalene), үлдсэн хувь нь холестерин (cholesterol) билээ.
*Чөлөөт радикал (free radicals)
Эсийн бодисын солилцооны үеэр үүсдэг тогтворгүй молекул бөгөөд ДНХ (DNA), липид тосон молекул (lipid), уураг (protein) гэх мэт эд эсийн молекулуудыг гэмтээх чадвартай. Нас ахих тусам биеийн чөлөөт радикалтай тэмцэх чадвар нь доройтдог тул элдвийн өвчин эмгэг үүсэх нь өндөр боломжтой болохын сацуу хөгшрөлтийн процесс хурдасдаг. Улмаар арьс хөгширч үрчлээс, нөсөө ихээр үүсдэг. Чөлөөт радикал нь эсийн бодисын солилцооны үеэр үүсэж бий болохоос гадна нарны хорт туяа болон бусад гаднын хүчин нөлөөнөөс (эрүүл бус хооллолт, тамхи, стресс, агаарын бохирдол гэх мэт) болж үүсэх боломжтой.
*Эпидермис буюу өнгөн давхарга (epidermis)
Хүний арьс 3 гол давхаргатай: хамгийн доод давхарга буюу өөхөн давхарга (subcutaneous layer/hypodermis), дунд давхарга болох жинхэнэ арьсны давхарга (dermis), хамгийн дээд давхарга буюу өнгөн давхарга (epidermis)
*Меланин (melanin)
Арьсыг бор болгодог пигмент бөгөөд арьсанд байдаг меланоцит (melanocyte) хэмээх эсүүдийн үйлдвэрлэдэг молекул юм. Хүн бүхэн адилхан тооны меланоцит эстэй байдаг, гэхдээ бор арьстай хүмүүсийн меланоцит эсүүд меланин пигментээ илүү ихээр үйлдвэрлэдэг билээ.
*Кератиноцит (keratinocyte)
Арьсны дээд давхарга болох өнгөн давхаргын (epidermis) голлох эс бөгөөд тухайн давхаргын нийт эсийн 90%-ийг эзэлдэг. Кератиноцит эс нь гиалуроны хүчлийг (hyaluronic acid) үйлдвэрлэдэг бөгөөд өөрөө өнгөн давхаргын гүнд үйлдвэрлэгдэж дээшээ арьсны гадаргуу руу дээшлэн үхсэн эс буюу корнеоцит (corneocyte) эс болж хувирч гууждаг. Арьс энэхүү байдлаар нөхөн төлждөг байгаа.
*Антиоксидант (antioxidant)
Чөлөөт радикалтай (free radicals) тэмцэх үйлчилгээг эсвэл чөлөөт радикалтай тэмцэх үйлчилгээтэй молекулыг хэлнэ.
*Кератин (keratin)
Кератин нь үс, хумс, арьсны хамгийн дээд давхаргыг бүрдүүлдэг уураг билээ. Үсний 95% нь гэхэд л кератинаас бүрдсэн байдаг. Кератин нь үс, хумсыг эрүүл байлгаж, арьсыг дэмжиж, шарх сорвийг эдгээхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Бид бүхний биед 54 төрлийн кератин уураг байдаг гэнэ.