Хүний арьсны өөрийнх нь үйлдвэрлэдэг чийгшүүлэгч факторууд [NMF/Natural Moisturizing Factors]
Эдгээр нь голцуу *амин хүчил, амин хүчлүүдийн *дайвар бүтээгдэхүүнүүд, сахран молекулууд болон шүвтэр (urea) байдаг. Хүний арьсан дахь NMF-ийн хамгийн том бүрэлдэхүүн хэсэг нь амин хүчлүүд билээ (~40%). Эдгээр амин хүчлүүдийн 36%-ийг serine, 22%-ийг glycine, 13%-ийг alanine, үлдсэн нь histidine, ornithine, citrulline, arginine тус тус 6-8%-ийг эзэлдэг юм.

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
NMF-үүд маань арьсны хамгийн дээд давхарга болох *эвэрлэг давхаргын *корнеоцит эсүүдэд байдаг бөгөөд *хюмектант чийгшүүлэгч учраас агаараас чийгшил татах эсвэл арьсны гүнээс ууршин гадагшлах гэж буй чийгшлийг арьсны дээд давхаргад хуримтлуулах байдлаар арьсны гадаргууг чийгшүүлж арьсны чийгшлийг хадгалдаг.

Ямар арьсанд тохирох вэ?:
Бүх төрлийн арьсанд тохирно.
Аль Шраммекийн бүтээгдэхүүнд агуулагдаж байгаа вэ?:
Daily Hydra Maximum SPF 20 (glucose сахран молекул; serine, proline, alanine гэсэн амин хүчлүүд; шүвтэр буюу urea, magnesium chloride, magnesium lactate, potassium lactate гэх зэрэг NMF-үүдийг агуулдаг), Sensiderm Stress Protect Cream (fructose, glucose, sucrose гэсэн сахран молекулууд; aspartic acid, glutamic acid, alanine гэсэн амин хүчлүүд; шүвтэр буюу urea гэх зэрэг NMF-үүдийг агуулдаг), бусад бүтээгдэхүүнүүдэд мэр сэр агуулагддаг байгаа
*Амин хүчил (amino acid)
Уургийг (protein) бүрдүүлдэг молекул билээ. Жишээлбэл, коллаген нь уураг тул тодорхой төрлийн амин хүчлүүдээс бүрддэг юм.
*Дайвар бүтээгдэхүүн/бодис (derivative)
Аливаа нэг бодисын төстэй гэхдээ арай өөр хэлбэрийг хэлнэ. Жишээлбэл, витамин В5 бодисын дайвар бүтээгдэхүүн болох пантенолыг (panthenol) арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдэд түлхүү ашигладаг. Пантенол нь арьсанд шингэмэгц витамин В5 болж хувирч үйлчилгээгээ үзүүлдэг, гэхдээ витамин B5-аас илүү тогтвортой, арьсанд илүү сайн шингэх чадвартай хувилбар учраас гоо сайхны брэндүүд уг дайвар бодисыг илүүд үздэг юм.
*Эвэрлэг давхарга (stratum corneum)
Хүний арьс 3 гол давхаргатай: хамгийн доод давхарга буюу өөхөн давхарга (subcutaneous layer/hypodermis), дунд давхарга болох жинхэнэ арьсны давхарга (dermis), хамгийн дээд давхарга буюу өнгөн давхарга (epidermis). Өнгөн давхарга нь өөрөө дотроо хэд хэдэн давхаргатай бөгөөд эдгээр давхаргуудын хамгийн дээд давхаргыг эвэрлэг давхарга буюу stratum corneum гэдэг.
*Корнеоцит (corneocyte)
Кератиноцит эс нь (keratinocyte) арьсны дээд давхарга болох өнгөн давхаргын (epidermis) голлох эс бөгөөд тухайн давхаргын нийт эсийн 90%-ийг эзэлдэг. Кератиноцит эс нь гиалуроны хүчлийг (hyaluronic acid) үйлдвэрлэдэг бөгөөд өөрөө өнгөн давхаргын гүнд үйлдвэрлэгдэж дээшээ арьсны гадаргуу руу дээшлэн үхсэн эс буюу корнеоцит эс болж хувирч гууждаг. Арьс энэхүү байдлаар нөхөн төлждөг байгаа.
*Хюмектант (humectant)
Агаараас чийгшлийг татаж эсвэл арьсны гүнээс ууршин гадагшлах гэж буй чийгшлийг арьсны дээд давхаргад хуримтлуулж улмаар тухайн давхаргыг чийгшүүлж арьсны чийгшлийг хадгалах чадварыг хэлнэ.
*Себум (sebum)
Хүний арьсны тосны булчирхайнаас ялгардаг тос бөгөөд арьсыг гаднын хор хөнөөлөөс хамгаалж чийгшил хадгалах үүргийг гүйцэтгэдэг. Себум тосны ойролцоогоор 50 гаруй хувь нь триглицерид (triglyceride), 25 гаруй хувь нь нийлмэл эфирэн лав (wax esters), ойролцоогоор 12 хувь нь сквален тосон молекул (squalene), үлдсэн хувь нь холестерин (cholesterol) билээ.