Нормасеб комплекс [NormasebTM]

Франц улсын Sederma компанийн бүтээсэн комплекс бүтээгдэхүүн бөгөөд онцлох найрлага нь:

  • Glycerin [*глицерин; *хюмектант чийгшүүлэгч бөгөөд бага зэргийн бактерийн эсрэг нөлөөтэй]
  • Hydrolyzed milk protein [*гидролизжуулсан сүүн уураг]

Энэхүү бүтээгдэхүүн нь глютамын хүчил (glutamic acid), метионин (methionine), цистеин (cysteine) хэмээх *амин хүчлүүд болон витамин В6, В7-гоор баялаг юм.

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:

Глютамын хүчил нь

  • хюмектант чийгшүүлэгч
  • арьсны *pH-ийг хадгалахад тусална
  • арьсны *себум тосны үйлдвэрлэлийг зохицуулна

Метионин нь

  • *коллагены үйлдвэрлэлийг дэмждэг тул хөгшрөлтийн эсрэг нөлөөтэй
  • *антиоксидант
  • арьсны себум тосны үйлдвэрлэлийг зохицуулна

Цистеин нь

  • коллагены үйлдвэрлэлийг дэмждэг тул хөгшрөлтийн эсрэг нөлөөтэй
  • антиоксидант
  • арьсны себум тосны үйлдвэрлэлийг багасгана
  • арьсанд байдаг глютатион (glutathione/GSH) хэмээх *пептид молекулын үйлдвэрлэлийг дэмжинэ 

Глютатион молекул нь антиоксидант үйлчилгээтэй бөгөөд эсийн доторх энергийн станц болох *митохондри эрхтэнцрийг хамгаалдаг. Нас ахих тусам глютатионы хэмжээ угаасаа буурдаг. Үүнээс гадна тамхи, архины хэрэглээ, стресс, нарны хорт туяа, буруу хооллолт, бохирдол, гепатит, чихрийн шижин гэх мэт нь бас глютатионы хэмжээг бууруулдаг байна. Глютатион байснаар арьсны өөрийгөө хамгаалах систем бэхэждэг бөгөөд элдвийн арьсны өвчин, үрчлээс, нөсөө, арьс уян хатан бус болон эрүүл бус харагдах байдлаас сэргийлж чадна.

митохондри                      глютатион

Витамин В6 нь

  • гормоны тэнцвэртэй бус байдлаас сэргийлнэ
  • гормоны батгыг эмчилнэ
  • арьсны себум тосны хэмжээг багасгана 

Витамин В7 нь

  • арьсыг тордож хамгаалан *тосон хүчлийн үйлдвэрлэлийг нь дэмжинэ
  • шинэ эс үүсэх үйл явц болон тосны булчирхайн хэвийн үйл ажиллагааг дэмжинэ
  • арьсан дахь олон *ферментүүдийн хэвийн үйл ажиллагаа нь энэхүү витаминаас шалтгаалдаг тул энэхүү витамин арьсыг эрүүл болгоно

Нормасеб комплекс нь себум тосны үйлдвэрлэлийг зохицуулж хэвийн болгодог үндсэн үүрэгтэй билээ.

Ямар арьсанд тохирох вэ?:

Тослог, холимог болон батгашилттай арьсанд нэн ач тустай. 

*Глицерин (glycerin)

Глицерол (glycerol) гэсэн өөр нэршилтэй ба C3H8O3 химийн томьёотой бөгөөд ногоо, амьтны тосноос гаргаж авдаг, өнгөгүй, үнэргүй, бага зэрэг чихэрлэг амттай, байгалийн өтгөн шингэн бодис юм.

*Хюмектант (humectant)

Агаараас чийгшлийг татаж эсвэл арьсны гүнээс ууршин гадагшлах гэж буй чийгшлийг арьсны дээд давхаргад хуримтлуулж улмаар тухайн давхаргыг чийгшүүлж арьсны чийгшлийг хадгалах чадварыг хэлнэ.

*Гидролизжуулсан (hydrolyzed)

Аливаа урт гинжин молекулыг арьсанд илүү гүн шингэх боломжийг нь бүрдүүлэхийн тулд усны молекултай урвалд оруулж жижиг жижиг хэсэг болгон тастаж богиносгосон гэсэн үг юм.

*Амин хүчил (amino acid)

Уургийг (protein) бүрдүүлдэг молекул билээ. Жишээлбэл, коллаген нь уураг тул тодорхой төрлийн амин хүчлүүдээс бүрддэг юм.

*рН (pH/ПиАш)

Аливаа шингэн хэр хүчиллэг эсвэл шүлтлэг байгааг илтгэх хэмжигдэхүүн юм. 1-ээс 14 хүртэл хэмжих хүрээтэй. рН 7-гоос бага байвал тухайн шингэн хүчиллэг бөгөөд бага байх тусмаа аливаа шингэний хүчиллэг чанар илүү өндөр байна гэсэн үг. рН 7-гоос дээш байвал тухайн шингэн шүлтлэг бөгөөд их байх тусмаа шүлтлэг чанар нь илүү өндөр байна. Жишээлбэл, хүний арьсан дээрх себум тос нь рН 4.5-5.5 байдаг тул тодорхой хэмжээгээр хүчиллэг гэсэн үг юм. Харин хүний цус дунджаар рН 7.4 байдаг ба бага зэрэг шүлтлэг гэсэн үг билээ. Лимоны шүүс рН 2-той байдаг бөгөөд нэлээн хүчиллэг шингэн гэж тооцохоор байна. 

*Себум (sebum)

Хүний арьсны тосны булчирхайнаас ялгардаг тос бөгөөд арьсыг гаднын хор хөнөөлөөс хамгаалж чийгшил хадгалах үүргийг гүйцэтгэдэг. Себум тосны ойролцоогоор 50 гаруй хувь нь триглицерид (triglyceride), 25 гаруй хувь нь нийлмэл эфирэн лав (wax esters), ойролцоогоор 12 хувь нь сквален тосон молекул (squalene), үлдсэн хувь нь холестерин (cholesterol) билээ. 

*Коллаген (collagen)

Хүний биед хамгийн ихээр байдаг уураг билээ. Коллаген нь арьсны дунд давхарга болох жинхэнэ арьсны давхаргад (dermis) байдаг бөгөөд арьсыг чанга байлгаж унжихаас нь сэргийлдэг. Гэхдээ нас ахих тусам коллагены хэмжээ багасдаг тул арьс улмаар унжиж үрчлээтэж хөгширдөг байгаа. 

*Антиоксидант (antioxidant)

Чөлөөт радикалтай (free radicals) тэмцэх үйлчилгээг эсвэл чөлөөт радикалтай тэмцэх үйлчилгээтэй молекулыг хэлнэ.

*Пептид (peptide)

Амин хүчил молекулуудаас (amino acid) бүрдсэн урт гинжин молекул бөгөөд уургийг (protein) бүрдүүлдэг билээ.

*Митохондри (mitochondria)

Аливаа эс дотор олон эрхтэнцэр байдаг: эсийн ДНХ-г агуулдаг бөөм (nucleus), аливаа хог хаягдлыг задалдаг лизосом (lysosome) гэх мэт. Митохондри нь эс доторх эрхтэнцрүүдийн нэг бөгөөд тухайн эсийн дотор өрнөх ёстой урвалуудад хэрэгтэй энергийг өгч өрнөх боломжийг нь бүрдүүлдэг. Эсийн энергийн станц гэж ойлгож болно.

*Тосон хүчил (fatty acid)

Хүний бие махбод болон хоол хүнсэн дэх тосыг бүрдүүлдэг гол бүрэлдэхүүн хэсэг нь тосон хүчил байдаг бөгөөд ихэвчлэн гурав гурваараа глицерин (glycerin) хэмээх молекултай холбогдож улмаар триглицерид (triglyceride) хэлбэрээр оршдог билээ. Тосон хүчил нь ханаагүй болон ханасан гээд хоёр төрөлтэй байдаг. Ханасан тосон хүчлээр баялаг хоол хүнс нь масло, амьтны өөх тос гэх мэт байдаг бол ханаагүй тосон хүчлээр баялаг нь ихэвчлэн ургамлын гаралтай тоснууд байдаг (оливын тос, наран цэцгийн тос, маалингын тос гэх мэт).

*Фермент (enzyme)

Аливаа урвалыг хурдасгах үүрэгтэй онцгой уургийг хэлнэ.