Олеа Витэй (оливын каллусын өсгөвөр лизат) [Olea VitaeTM (olea europaea (olive) callus culture lysate)]

Испани улсын Vytrus Biotech компанийн бүтээл бөгөөд Газар Дундын Тэнгисийн зэрлэг олив модны нахианаас гаргаж авсан үүдэл *эсийн мембран гадаргуугаас тусгай технологиор гаргаж авсан фито-липидэн хэсгүүдийг (phyto-lipidic fractions) агуулдаг.
Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
Эдгээр липидэн хэсгүүд нь арьсны *эпидермис давхарга дахь эсүүдийн доторх *митохондри эрхтэнцрүүдийг “цэнэглэдэг” бөгөөд митохондри эрхтэнцрүүдийн хоорондоо харилцан холбогдох процессыг өдөөдөг байна. Митохондри эрхтэнцрүүд угаасаа хоорондоо харилцан холбогдож байж энерги үйлдвэрлэдэг бөгөөд нас ахих тусам (эсвэл стресстэй, муу нойртой байх тусам) митохондри эрхтэнцрүүдийн тоо багасдаг мөн тэд нарын харилцан холбогдож энерги үйлдвэрлэх чадвар нь буурдаг юм. Уг эрч хүчний хөгшрөлтийн асуудлыг энэхүү бүтээгдэхүүн маань шийдвэрлэж өгснөөр арьс чангарч тамир тэнхээ орж, үрчлээс багасдаг байна.
Үүнээс гадна зөндөө олон судалгаа уг бүтээгдэхүүнийг дараах үйлчилгээнүүдийг бас үзүүлдгийг баталжээ:
- Митохондри эрхтэнцрийн тоо болон хэмжээг ихэсгэнэ
- *Коллаген үйлдвэрлэдэг фибробласт (fibroblast) эсүүдийн үржлийг ихэсгэнэ
- *Антиоксидантуудын үйл ажиллагааг ихэсгэнэ
- Арьсыг хөгшрүүлдэг *гликац урвалын эсрэг үйл ажиллагааг ихэсгэнэ
Ямар арьсанд тохирох вэ?:
Хөгшрөлтийн улмаас доройтож буй бүх төрлийн арьсанд нэн ач тустай.
*Эсийн мембран гадаргуу (cell membrane)
Аливаа эс дотроо олон эрхтэнцрүүд болон цитоплазм (cytoplasm) хэмээх өтгөвтөр шингэнтэй байдаг. Энэ бүхнийг багтааж бүрхдэг гадаргууг эсийн мембран гадаргуу гэдэг. Энэхүү мембран гадаргуу нь голцуу тосон хүчил (fatty acid), холестерин (cholesterol), уургаас (protein) бүрддэг юм.
*Эпидермис буюу өнгөн давхарга (epidermis)
Хүний арьс 3 гол давхаргатай: хамгийн доод давхарга буюу өөхөн давхарга (subcutaneous layer/hypodermis), дунд давхарга болох жинхэнэ арьсны давхарга (dermis), хамгийн дээд давхарга буюу өнгөн давхарга (epidermis)
*Митохондри (mitochondria)
Аливаа эс дотор олон эрхтэнцэр байдаг: эсийн ДНХ-г агуулдаг бөөм (nucleus), аливаа хог хаягдлыг задалдаг лизосом (lysosome) гэх мэт. Митохондри нь эс доторх эрхтэнцрүүдийн нэг бөгөөд тухайн эсийн дотор өрнөх ёстой урвалуудад хэрэгтэй энергийг өгч өрнөх боломжийг нь бүрдүүлдэг. Эсийн энергийн станц гэж ойлгож болно.
*Коллаген (collagen)
Хүний биед хамгийн ихээр байдаг уураг билээ. Коллаген нь арьсны дунд давхарга болох жинхэнэ арьсны давхаргад (dermis) байдаг бөгөөд арьсыг чанга байлгаж унжихаас нь сэргийлдэг. Гэхдээ нас ахих тусам коллагены хэмжээ багасдаг тул арьс улмаар унжиж үрчлээтэж хөгширдөг байгаа.
*Антиоксидант (antioxidant)
Чөлөөт радикалтай (free radicals) тэмцэх үйлчилгээг эсвэл чөлөөт радикалтай тэмцэх үйлчилгээтэй молекулыг хэлнэ.
*Гликац урвал (glycation)
Цусны эргэлтээр дамжин ирсэн сахран молекул арьсан дахь коллаген, эластинтай урвалд орж бүтцийг нь өөрчлөн улмаар коллаген болон эластин мяндаснуудыг хэврэг болгож гэмтэхэд хүргэдэг урвалыг хэлнэ. Үүний үр дүнд арьс үрчлээтэж хөгширдөг билээ. Мөн түүнчлэн гликац урвал нь чөлөөт радикалыг (free radicals) үүсгэдэг бөгөөд энэ нь бас л хөгшрөлтөд хувь нэмэр оруулдаг.