Citrus aurantium dulcis гэсэн латин нэртэй жүржийн хальснаас гаргаж авсан тос билээ. Жүрж нь Ази тивийн халуун орны бүс нутгаас үүсэл гаралтай гэлцдэг. Хальснаас нь гаргаж авсан тос нь аливаа бүтээгдэхүүнийг анхилуун үнэртэй болгохоос гадна арьсанд хэд хэдэн үйлчилгээ үзүүлдэг.
Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
- *Альфа гидрокси хүчлээр баялаг тул арьсны үхсэн эсүүдийг гуужуулж *хюмектант аргачлалаар арьсыг чийглэг байлгаж өгнө
- Арьсны гадаргууг бэхжүүлж илүү зузаан болгоно
- *Коллаген болон *эластины үйлдвэрлэлийг ихэсгэнэ
- Үрчлээс багасгана
- Ихээр агуулж буй лимонин (limonene) хэмээх молекулын ачаар аливаа бүтээгдэхүүнийг анхилуун үнэртэй болгохоос гадна аливаа бүтээгдэхүүн дэх бусад идэвхт бодисуудыг арьсанд илүү гүн нэвтрэхэд нь тусална. Мөн түүнчлэн лимониныг үрэвслийн эсрэг болон *антиоксидант нөлөөтэйг зарим судалгаа харуулжээ
Ямар арьсанд тохирох вэ?:
Бүх төрлийн арьсанд тохирно, гэхдээ эмзэг арьстай хүмүүст зөвлөхгүй.
*Альфа гидрокси хүчил (alpha hydroxy acid/AHA)
Арьсны үхсэн эсүүдийг гуужуулах чадвартай 3 төрлийн хүчил байдаг: альфа (AHA), бета (BHA), поли гидрокси хүчил (PHA). AHA нь усанд уусах чадвартай бөгөөд хуурай арьсанд хамгийн тохиромжтой, BHA нь тосонд уусах чадвартай бөгөөд тослог, батгашилттай арьсанд хамгийн тохиромжтой, PHA нь усанд уусах чадвартай бөгөөд АНА-ийн илүү зөөлөн хэлбэр гэж ойлгож болох тул эмзэг арьсанд хамгийн тохиромжтой байдаг.
*Хюмектант (humectant)
Агаараас чийгшлийг татаж эсвэл арьсны гүнээс ууршин гадагшлах гэж буй чийгшлийг арьсны дээд давхаргад хуримтлуулж улмаар тухайн давхаргыг чийгшүүлж арьсны чийгшлийг хадгалах чадварыг хэлнэ.
*Коллаген (collagen)
Хүний биед хамгийн ихээр байдаг уураг билээ. Коллаген нь арьсны дунд давхарга болох жинхэнэ арьсны давхаргад (dermis) байдаг бөгөөд арьсыг чанга байлгаж унжихаас нь сэргийлдэг. Гэхдээ нас ахих тусам коллагены хэмжээ багасдаг тул арьс улмаар унжиж үрчлээтэж хөгширдөг байгаа.
*Эластин (elastin)
Хүний биед үйлдвэрлэгддэг уураг билээ. Эластин нь арьсны дунд давхарга болох жинхэнэ арьсны давхаргад (dermis) байдаг бөгөөд арьсыг уян хатан байлгаж сунах чадвартай болгож өгдөг (татаж сунгавал буцаад хэвийн хэлбэр лүүгээ ордог). Гэхдээ нас ахих тусам эластины хэмжээ багасдаг тул арьс улмаар унжиж үрчлээтэж хөгширдөг байгаа.
*Антиоксидант (antioxidant)
Чөлөөт радикалтай (free radicals) тэмцэх үйлчилгээг эсвэл чөлөөт радикалтай тэмцэх үйлчилгээтэй молекулыг хэлнэ.