Витамин В5-ын илүү тогтвортой болон арьсанд илүү сайн шингэх чадвартай хэлбэр бөгөөд хүний бие организмд ормогц эсвэл арьсанд түрхмэгц *исэлдэлтийн урвалд орж витамин В5 болж хувирдаг. 2 төрлийн пантенол байдаг: D-panthenol (dexpanthenol) болон L-panthenol. Энэ хоёр нь хоёулаа чийгшүүлэх шинж чанартай ч зөвхөн D-panthenol нь нөлөө, үйлчилгээгээ үзүүлж чаддаг.
Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
- Арьсны *эвэрлэг давхаргыг сайн чийгшүүлж чийгшлийн алдагдлаас сэргийлнэ. Улмаар арьсны зөөлөн болон уян хатан байдлыг хадгалж өгнө
- *Коллаген үйлдвэрлэдэг фибробласт (fibroblasts) эсүүдийн үржлийг идэвхжүүлнэ
- Шарх эдгээнэ
- Үрэвсэл дарж арьс тайвшруулахад ач тустай
- Улайлт багасгаж загатнаа арилгана
- Шинэ эсийн үйлдвэрлэлийг дэмжиж арьсыг нөхөн төлжүүлнэ
Ямар арьсанд тохирох вэ?:
Бүх төрлийн арьсанд тохирно.
Үс/хуйханд үзүүлэх үйлчилгээ:
- Үсний өөртөө чийгшил хадгалах чадварыг нь сайжруулна
- Хуйх тайвшруулна
- Үсийг зөөлрүүлж гэрэлтүүлнэ
- Гэмтсэн үсийг нөхөн төлжүүлнэ
- Үсний үзүүр салаалахын эсрэг үйлчилгээтэй
Ямар үс/хуйхтай хүнд тохирох вэ?:
Бүх төрлийн үс/хуйхтай хүнд тохирно.
*Исэлдэлтийн урвал (oxidation)
Аливаа нэг атом эсвэл молекул электроноо алдах урвалыг хэлдэг байгаа. Исэлдэлтийн урвал нь зарим бодисыг доройтуулдаг. Жишээлбэл, витамин С нь гэрэл болон агаарт маш эмзэг байдаг тул исэлдэлтийн урвал буюу электроноо алдах урвалд амархан орж чанар нь мууддаг. Исэлдэлтийн урвалыг өрнүүлдэг гол тоглогч нар бол чөлөөт радикалууд (free radicals) билээ. Чөлөөт радикал гэдэг нь эсийн бодисын солилцооны үеэр эсвэл нарны хорт туяа болон бусад гаднын хүчин нөлөөнөөс болж үүсдэг маш тогтворгүй молекул бөгөөд эргэн тойрны бодис, эдүүдтэй урвалд орохыг хичээдэг. Үүний үр дүнд арьсны эс гэмтэх, коллаген мяндас задлагдах гэх мэт хөгшрөлтийн процесстой холбоотой үйл явцууд олширдог. Чөлөөт радикалуудтай тэмцдэг антиоксидант бодисуудын систем байдаг ч нас ахих тусам уг систем нь хүчээ алддаг. Чөлөөт радикалууд маань олширч хөгшрөлтийн процесс улам илүү хурдасна. Антиоксидантаар баялаг хоол хүнс хэрэглэж нарны тос өдөр болгон түрхэж стрессдэхгүй сайн унтаж амрах нь хөгшрөхгүй залуугаараа харагдахын гол түлхүүр юм.
*Эвэрлэг давхарга (stratum corneum)
Хүний арьс 3 гол давхаргатай: хамгийн доод давхарга буюу өөхөн давхарга (subcutaneous layer/hypodermis), дунд давхарга болох жинхэнэ арьсны давхарга (dermis), хамгийн дээд давхарга буюу өнгөн давхарга (epidermis). Өнгөн давхарга нь өөрөө дотроо хэд хэдэн давхаргатай бөгөөд эдгээр давхаргуудын хамгийн дээд давхаргыг эвэрлэг давхарга буюу stratum corneum гэдэг.
*Коллаген (collagen)
Хүний биед хамгийн ихээр байдаг уураг билээ. Коллаген нь арьсны дунд давхарга болох жинхэнэ арьсны давхаргад (dermis) байдаг бөгөөд арьсыг чанга байлгаж унжихаас нь сэргийлдэг. Гэхдээ нас ахих тусам коллагены хэмжээ багасдаг тул арьс улмаар унжиж үрчлээтэж хөгширдөг байгаа.