Розмарины хүчил [rosmarinic acid]

Розмарин хэмээх ургамалд ихээр агуулагддаг бодис билээ. Уг ургамал нь Газар Дундын Тэнгисийн бүс нутаг болон Азиас үүсэл гаралтай бөгөөд хоол хүнсэнд амт оруулах зорилгоор маш өргөнөөр хэрэглэгддэг биз ээ. Rosmarinus officinalis гэсэн латин нэртэй юм. 

розмарин

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:

  • *Антиоксидант үйлчилгээ үзүүлнэ
  • Бактерийн эсрэг болон үрэвслийн эсрэг ач холбогдолтой бөгөөд батгатай маш сайн тэмцэнэ
  • Арьс тайвшруулах хүчтэй үйлчилгээ үзүүлж экзем (eczema), псориаз (psoriasis), дерматит (dermatitis), түлэгдэлт, элдэв янзын арьсны харшлыг эмчлэхийн зэрэгцээ хаван багасгадаг

экзем               атопик дерматит              псориаз

  • *Гиалуроны хүчлийг задалдаг гиалуронидаз *ферментүүд (hyaluronidase) болон *коллаген устгадаг матрикс металлопротеинэз ферментүүдийн (matrix metalloproteinase/MMP enzymes) үйл ажиллагааг зогсоосноор гиалуроны хүчил болон коллагеныг хамгаалж арьсыг чийгшүүлэхэд туслан хөгшрөлтийн эсрэг нөлөө үзүүлдэг байна 
  • Астрингент нөлөөтэй (astringent) буюу илүүдэл тослог арилгаж нүх сүв агшаахад тусална

Ямар арьсанд тохирох вэ?:

Бүх төрлийн арьсанд тохирно.

*Антиоксидант (antioxidant)

Чөлөөт радикалтай (free radicals) тэмцэх үйлчилгээг эсвэл чөлөөт радикалтай тэмцэх үйлчилгээтэй молекулыг хэлнэ.

*Гиалуроны хүчил (hyaluronic acid)

Сульфатгүй гликозаминогликан молекулаас (nonsulfated glycosaminoglycan) бүрдсэн (C14H21NO11)n химийн томъёотой полисахарид (polysaccharide) бөгөөд хүний биед үйлдвэрлэгдэж ихэнх нь арьсны дунд давхарга болох дермис (dermis) мөн арьсны дээд давхарга болох өнгөн давхаргад (epidermis) байдаг. Гиалуроны хүчил нь арьсыг чийгшилтэй байлгаж өгдөг үндсэн үүрэгтэй. Нас ахих тусам мөн нарны хорт туяаны улмаас хэмжээ нь багасдаг тул арьс хуурайшиж үрчлээтдэг билээ.

*Фермент (enzyme)

Аливаа урвалыг хурдасгах үүрэгтэй онцгой уургийг хэлнэ. 

*Коллаген (collagen)

Хүний биед хамгийн ихээр байдаг уураг билээ. Холбогч эдүүд (connective tissue) болох шөрмөс, булчин, арьсны хамгийн гол бүрэлдэхүүн хэсэг нь коллаген юм. Коллаген нь арьсны дунд давхарга болох дермис давхаргад (dermis) байдаг бөгөөд арьсыг чанга байлгаж унжихаас нь сэргийлдэг. Гэхдээ нас ахих тусам коллагены хэмжээ буурдаг тул арьс улмаар унжиж үрчлээтэж хөгширдөг байгаа.