Чацарганын үрийн тос [hippophae rhamnoides (sea buckthorn) kernel extract]

Hippophae rhamnoides гэсэн латин нэртэй билээ. Ази, Европт ихээр ургадаг, маш тэжээллэг жимсгэнэ бөгөөд омега *тосон хүчлээр баялаг байхаас гадна витамины уул уурхай юм (витамин В1, В2, В9, А, С, Е, К) (витамин С-нийх нь хэмжээ нь жүржээс 12 дахин их; витамин А-ных нь хэмжээ нь луувангаас 3 дахин их гэнэ). Жимснээс нь тос гаргаж авч болно мөн үрээс нь ч бас тос гаргаж авч болно.

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:

Үрийн тос нь омега 3, 6 болон 9-өөр баялаг тул

  • үрэвсэл дарж улайлт багасган арьсыг тайвшруулна
  • арьсыг хамгаалах тосон давхаргыг дэмжин чийгшил хадгалж өгнө
  • арьс нөхөн төлжүүлж шарх эдгээнэ
  • экзем (eczema), псориаз (psoriasis), розацеа (rosacea) гэх мэт арьсны өвчлөлтэй тэмцэнэ

экзем            псориаз            розацеа

  • арьсыг зөөлөн, уян хатан болгоно

Үрийн тос нь бас витамин Е-гээр маш баялаг тул

  • *антиоксидант үйлчилгээ үзүүлж *чөлөөт радикалтай тэмцэнэ
  • арьсыг нарны хорт туяанаас хамгаалж үрчлээс болон нөсөө үүсэхээс сэргийлнэ
  • үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ
  • арьсыг хамгаалах давхаргын функцийг бэхжүүлж чийгшил хадгалагдахад тусална
  • арьсыг толигор болгоно
  • арьсны нөхөн төлжих процессыг дэмжинэ

Ямар арьсанд тохирох вэ?:

Бүх төрлийн арьсанд тохирно.

*Тосон хүчил (fatty acid)

Хүний бие махбод болон хоол хүнсэн дэх тосыг бүрдүүлдэг гол бүрэлдэхүүн хэсэг нь тосон хүчил байдаг бөгөөд ихэвчлэн гурав гурваараа глицерин (glycerin) хэмээх молекултай холбогдож улмаар триглицерид (triglyceride) хэлбэрээр оршдог билээ. Тосон хүчил нь ханаагүй болон ханасан гээд хоёр төрөлтэй байдаг. Ханасан тосон хүчлээр баялаг хоол хүнс нь масло, амьтны өөх тос гэх мэт байдаг бол ханаагүй тосон хүчлээр баялаг нь ихэвчлэн ургамлын гаралтай тоснууд байдаг (оливын тос, наран цэцгийн тос, маалингын тос гэх мэт).

*Антиоксидант (antioxidant)

Чөлөөт радикалтай (free radicals) тэмцэх үйлчилгээг эсвэл чөлөөт радикалтай тэмцэх үйлчилгээтэй молекулыг хэлнэ.

*Чөлөөт радикал (free radicals)

Эсийн бодисын солилцооны үеэр үүсдэг тогтворгүй молекул бөгөөд ДНХ (DNA), липид тосон молекул (lipid), уураг (protein) гэх мэт эд эсийн молекулуудыг гэмтээх чадвартай. Нас ахих тусам биеийн чөлөөт радикалтай тэмцэх чадвар нь доройтдог тул элдвийн өвчин эмгэг үүсэх нь өндөр боломжтой болохын сацуу хөгшрөлтийн процесс хурдасдаг. Улмаар арьс хөгширч үрчлээс, нөсөө ихээр үүсдэг. Чөлөөт радикал нь эсийн бодисын солилцооны үеэр үүсэж бий болохоос гадна нарны хорт туяа болон бусад гаднын хүчин нөлөөнөөс (эрүүл бус хооллолт, тамхи, стресс, агаарын бохирдол гэх мэт) болж үүсэх боломжтой.