Сепикалм Эс комплекс [SepicalmTM S]
Франц улсын SEPPIC компанийн бүтээсэн комплекс бүтээгдэхүүн бөгөөд онцлох найрлага нь:
- Sodium cocoyl amino acids [натрийн кокоил *амин хүчлүүд; натри элемент, амин хүчлүүд болон кокосноос гаралтай *тосон хүчлүүдээс бүрдсэн арьс цэвэрлэгч бодисууд юм]
- Sarcosine [саркозин; glycine хэмээх амин хүчлийн *дайвар бүтээгдэхүүн бөгөөд найрлага дахь бусад бодисыг арьсанд амархан шингэхэд тусалдаг]
- Potassium aspartate [калийн аспартат; aspartic acid хэмээх амин хүчлийн кали элементтэй нийлсэн хэлбэр юм, кали элемент нь шинэ эсийн үржлийг дэмжиж арьсыг чийгшүүлэхэд тусалдаг]
- Magnesium aspartate [магнийн аспартат; aspartic acid хэмээх амин хүчлийн магни элементтэй нийлсэн хэлбэр юм, магни элемент нь эсийн нөхөн төлжих, засварлагдах процессыг зохицуулдаг бөгөөд *антиоксидант нөлөөтэй билээ]
Энэхүү комплекс нь арьсыг *хюмектант үйлчилгээтэй амин хүчлүүд, тосон хүчлүүд болон эрдсүүдээр хангах болно.
Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
- Арьсыг хамгаалах тосон давхаргыг нөхөн сэргээж арьсыг чийгшүүлнэ
- Бета-эндорфин (beta-endorphin) буюу таашаалын мэдрэмж төрүүлдэг молекулын үйлдвэрлэлийг өдөөнө
- ‘Арьсыг хамгаалах бүрэн анти-стресс аргачлал’-аар (complete anti-stress skin protection) улайсан, эмзэгшсэн, үрэвссэн арьсыг тайвшруулна. ‘Арьсыг хамгаалах бүрэн анти-стресс аргачлал’ гэдэг нь:
-
- *чөлөөт радикалын эсрэг
- *эластиныг задалдаг эластаз (elastase) *ферментийн эсрэг
- *гиалуроны хүчлийг задалдаг гиалуронидаз (hyaluronidase) ферментийн эсрэг
- липид (lipid) тосон молекулыг задалдаг липоксигеназ (lipoxygenase) ферментийн эсрэг нөлөө үзүүлэх гэсэн үг билээ
Ямар арьсанд тохирох вэ?:
Бүх төрлийн арьсанд тохирно.
*Амин хүчил (amino acid)
Уургийг (protein) бүрдүүлдэг молекул билээ. Жишээлбэл, коллаген нь уураг тул тодорхой төрлийн амин хүчлүүдээс бүрддэг юм.
*Тосон хүчил (fatty acid)
Хүний бие махбод болон хоол хүнсэн дэх тосыг бүрдүүлдэг гол бүрэлдэхүүн хэсэг нь тосон хүчил байдаг бөгөөд ихэвчлэн гурав гурваараа глицерин (glycerin) хэмээх молекултай холбогдож улмаар триглицерид (triglyceride) хэлбэрээр оршдог билээ. Тосон хүчил нь ханаагүй болон ханасан гээд хоёр төрөлтэй байдаг. Ханасан тосон хүчлээр баялаг хоол хүнс нь масло, амьтны өөх тос гэх мэт байдаг бол ханаагүй тосон хүчлээр баялаг нь ихэвчлэн ургамлын гаралтай тоснууд байдаг (оливын тос, наран цэцгийн тос, маалингын тос гэх мэт).
*Дайвар бүтээгдэхүүн/бодис (derivative)
Аливаа нэг бодисын төстэй гэхдээ арай өөр хэлбэрийг хэлнэ. Жишээлбэл, витамин В5 бодисын дайвар бүтээгдэхүүн болох пантенолыг (panthenol) арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдэд түлхүү ашигладаг. Пантенол нь арьсанд шингэмэгц витамин В5 болж хувирч үйлчилгээгээ үзүүлдэг, гэхдээ витамин B5-аас илүү тогтвортой, арьсанд илүү сайн шингэх чадвартай хувилбар учраас гоо сайхны брэндүүд уг дайвар бодисыг илүүд үздэг юм.
*Антиоксидант (antioxidant)
Чөлөөт радикалтай (free radicals) тэмцэх үйлчилгээг эсвэл чөлөөт радикалтай тэмцэх үйлчилгээтэй молекулыг хэлнэ.
*Хюмектант (humectant)
Агаараас чийгшлийг татаж эсвэл арьсны гүнээс ууршин гадагшлах гэж буй чийгшлийг арьсны дээд давхаргад хуримтлуулж улмаар тухайн давхаргыг чийгшүүлж арьсны чийгшлийг хадгалах чадварыг хэлнэ.
*Чөлөөт радикал (free radicals)
Эсийн бодисын солилцооны үеэр үүсдэг тогтворгүй молекул бөгөөд ДНХ (DNA), липид тосон молекул (lipid), уураг (protein) гэх мэт эд эсийн молекулуудыг гэмтээх чадвартай. Нас ахих тусам биеийн чөлөөт радикалтай тэмцэх чадвар нь доройтдог тул элдвийн өвчин эмгэг үүсэх нь өндөр боломжтой болохын сацуу хөгшрөлтийн процесс хурдасдаг. Улмаар арьс хөгширч үрчлээс, нөсөө ихээр үүсдэг. Чөлөөт радикал нь эсийн бодисын солилцооны үеэр үүсэж бий болохоос гадна нарны хорт туяа болон бусад гаднын хүчин нөлөөнөөс (эрүүл бус хооллолт, тамхи, стресс, агаарын бохирдол гэх мэт) болж үүсэх боломжтой.
*Эластин (elastin)
Хүний биед үйлдвэрлэгддэг уураг билээ. Эластин нь арьсны дунд давхарга болох жинхэнэ арьсны давхаргад (dermis) байдаг бөгөөд арьсыг уян хатан байлгаж сунах чадвартай болгож өгдөг (татаж сунгавал буцаад хэвийн хэлбэр лүүгээ ордог). Гэхдээ нас ахих тусам эластины хэмжээ багасдаг тул арьс улмаар унжиж үрчлээтэж хөгширдөг байгаа.
*Фермент (enzyme)
Аливаа урвалыг хурдасгах үүрэгтэй онцгой уургийг хэлнэ.
*Гиалуроны хүчил (hyaluronic acid)
Хүний биед байдаг, (C14H21NO11)n химийн томьёотой полисахарид (polysaccharide) молекул бөгөөд ойролцоогоор 50% нь арьсанд олддог. Гиалуроны хүчил нь арьсыг чийгшилтэй байлгаж өгдөг үндсэн үүрэгтэй. Нас ахих тусам мөн нарны хорт туяаны улмаас арьсан дахь тоо хэмжээ нь багасдаг тул арьс хуурайшиж үрчлээтдэг билээ.