Сквалан [squalane]

(C₅H₈)₆ химийн томьёотой сквален нь аварга загасны элэгний тосноос анх гаргаж авч байсан түүхтэй бөгөөд хүний арьсан дахь тосны булчирхайнаас ч бас ялгарч арьсыг хамгаалдаг, өнгөгүй, ханаагүй төрлийн тосон молекул билээ (*себум тосны ойролцоогоор 12%-ийг бүрдүүлдэг).

Харамсалтайгаар сквален нь 30 орчим наснаас эхлээд тосны булчирхайнаас олигтой ялгарахаа больдог тул амьтны эсвэл ургамлын гаралтай скваленыг агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх нь тун чухал. Гэхдээ тэдгээр эх үүсвэрээс гаралтай сквален нь нэлээн тогтворгүй бөгөөд *исэлдэлтийн урвалд амархан орж үр дүнтэй байдал нь хурдан буурдаг учраас hydrogenation буюу устөрөгчөөр баяжуулах урвалд оруулж илүү тогтвортой сквалан молекул (squalane) болгон арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдэд өргөнөөр ашигладаг байна. Сквалан нь бүх төрлийн арьсанд тохирох бөгөөд нүх сүв бөглөрүүлэхгүйгээр сквалены үйлчилгээтэй төстэй ашиг тусыг үзүүлдэг.

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:

Сквален нь

  • үрчлээс багасгахад тусална
  • чийгшил хадгална 
  • арьсны өнгө, бүтцийг сайжруулна
  • үрэвсэл дарж *чөлөөт радикалуудтай тэмцэнэ
  • арьсыг зөөлөн, толигор болгоно

Сквалан нь *антиоксидант нөлөөгүй ч гэлээ хамаагүй илүү тогтвортой бөгөөд удаан хадгалагдах хугацаатай юм.

Ямар арьсанд тохирох вэ?:

Сквален нь тослог арьсанд дэмий, учир нь нүх сүв бөглөрүүлэх өндөр чадвартай тул. Сквалан нь харин бүх төрлийн арьсанд тохирно.

*Себум (sebum)

Хүний арьсны тосны булчирхайнаас ялгардаг тос бөгөөд арьсыг гаднын хор хөнөөлөөс хамгаалж чийгшил хадгалах үүргийг гүйцэтгэдэг. Себум тосны ойролцоогоор 50 гаруй хувь нь триглицерид (triglyceride), 25 гаруй хувь нь нийлмэл эфирэн лав (wax esters), ойролцоогоор 12 хувь нь сквален тосон молекул (squalene), үлдсэн хувь нь холестерин (cholesterol) билээ. 

*Исэлдэлтийн урвал (oxidation)

Аливаа нэг атом эсвэл молекул электроноо алдах урвалыг хэлдэг байгаа. Исэлдэлтийн урвал нь зарим бодисыг доройтуулдаг. Жишээлбэл, витамин С нь гэрэл болон агаарт маш эмзэг байдаг тул исэлдэлтийн урвал буюу электроноо алдах урвалд амархан орж чанар нь мууддаг. Исэлдэлтийн урвалыг өрнүүлдэг гол тоглогч нар бол чөлөөт радикалууд (free radicals) билээ. Чөлөөт радикал гэдэг нь эсийн бодисын солилцооны үеэр эсвэл нарны хорт туяа болон бусад гаднын хүчин нөлөөнөөс болж үүсдэг маш тогтворгүй молекул бөгөөд эргэн тойрны бодис, эдүүдтэй урвалд орохыг хичээдэг. Үүний үр дүнд арьсны эс гэмтэх, коллаген мяндас задлагдах гэх мэт хөгшрөлтийн процесстой холбоотой үйл явцууд олширдог. Чөлөөт радикалуудтай тэмцдэг антиоксидант бодисуудын систем байдаг ч нас ахих тусам уг систем нь хүчээ алддаг. Чөлөөт радикалууд маань олширч хөгшрөлтийн процесс улам илүү хурдасна. Антиоксидантаар баялаг хоол хүнс хэрэглэж нарны тос өдөр болгон түрхэж стрессдэхгүй сайн унтаж амрах нь хөгшрөхгүй залуугаараа харагдахын гол түлхүүр юм. 

*Чөлөөт радикал (free radicals)

Эсийн бодисын солилцооны үеэр үүсдэг тогтворгүй молекул бөгөөд ДНХ (DNA), липид тосон молекул (lipid), уураг (protein) гэх мэт эд эсийн молекулуудыг гэмтээх чадвартай. Нас ахих тусам биеийн чөлөөт радикалтай тэмцэх чадвар нь доройтдог тул элдвийн өвчин эмгэг үүсэх нь өндөр боломжтой болохын сацуу хөгшрөлтийн процесс хурдасдаг. Улмаар арьс хөгширч үрчлээс, нөсөө ихээр үүсдэг. Чөлөөт радикал нь эсийн бодисын солилцооны үеэр үүсэж бий болохоос гадна нарны хорт туяа болон бусад гаднын хүчин нөлөөнөөс (эрүүл бус хооллолт, тамхи, стресс, агаарын бохирдол гэх мэт) болж үүсэх боломжтой.

*Антиоксидант (antioxidant)

Чөлөөт радикалтай (free radicals) тэмцэх үйлчилгээг эсвэл чөлөөт радикалтай тэмцэх үйлчилгээтэй молекулыг хэлнэ.