Ситенол Эй [Sytenol® A]
АНУ-ын Syntheon компанийн бүтээл бөгөөд ретинолын (retinol; витамин А-ны *дайвар бүтээгдэхүүн) харш нөлөөгүй хувилбар болох бакучиол молекул юм (bakuchiol). Бакучиол нь ретинолын үзүүлдэг үйлчилгээг дутахааргүй үзүүлж бүүр зарим талаараа илүү үр дүнтэй байдаг гэнэ. Ретинол нь арьсны батга, үрчлээс, нөсөөг багасгаж, арьсны *дермис давхаргад нэвтрэн *чөлөөт радикалтай тэмцэж *коллаген болон *эластины үйлдвэрлэлийг дэмждэг.
ретинол
Гэхдээ ретинол нь арьсыг хуурайшуулан эмзэгшүүлж, загатнаа үүсгэн арьсыг улайлгах хандлагатай байдаг бол бакучиол нь эсрэгээрээ харш нөлөө үзүүлдэггүй байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм. Бакучиолыг Psoralea corylifolia (Indian Babchi) гэдэг ургамлын навч болон үрээс гаргаж авдаг билээ.
бакучиол
Psoralea corylifolia ургамал
Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
- *Антиоксидант үйлчилгээтэй
- Эластин болон коллагены үйлдвэрлэлийг дэмжсэнээр үрчлээс багасгаж арьсны чанга болон уян хатан байдлыг сайжруулна
- Бактерийн эсрэг үйлчилгээтэй тул батга эмчилнэ
- Шинэ эс үүсэх процессыг дэмжинэ
- Үрэвслийн эсрэг ач холбогдолтой
- *Меланин пигментийн үйлдвэрлэлийг зогсоож нөсөө багасгана
Ямар арьсанд тохирох вэ?:
Бүх төрлийн арьсанд тохирно.
*Дайвар бүтээгдэхүүн/бодис (derivative)
Аливаа нэг бодисын төстэй гэхдээ арай өөр хэлбэрийг хэлнэ. Жишээлбэл, витамин В5 бодисын дайвар бүтээгдэхүүн болох пантенолыг (panthenol) арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдэд түлхүү ашигладаг. Пантенол нь арьсанд шингэмэгц витамин В5 болж хувирч үйлчилгээгээ үзүүлдэг, гэхдээ витамин B5-аас илүү тогтвортой, арьсанд илүү сайн шингэх чадвартай хувилбар учраас гоо сайхны брэндүүд уг дайвар бодисыг илүүд үздэг юм.
*Дермис буюу жинхэнэ арьсны давхарга (dermis)
Хүний арьс 3 гол давхаргатай: хамгийн доод давхарга буюу өөхөн давхарга (subcutaneous layer/hypodermis), дунд давхарга болох жинхэнэ арьсны давхарга (dermis), хамгийн дээд давхарга буюу өнгөн давхарга (epidermis)
*Чөлөөт радикал (free radicals)
Эсийн бодисын солилцооны үеэр үүсдэг тогтворгүй молекул бөгөөд ДНХ (DNA), липид тосон молекул (lipid), уураг (protein) гэх мэт эд эсийн молекулуудыг гэмтээх чадвартай. Нас ахих тусам биеийн чөлөөт радикалтай тэмцэх чадвар нь доройтдог тул элдвийн өвчин эмгэг үүсэх нь өндөр боломжтой болохын сацуу хөгшрөлтийн процесс хурдасдаг. Улмаар арьс хөгширч үрчлээс, нөсөө ихээр үүсдэг. Чөлөөт радикал нь эсийн бодисын солилцооны үеэр үүсэж бий болохоос гадна нарны хорт туяа болон бусад гаднын хүчин нөлөөнөөс (эрүүл бус хооллолт, тамхи, стресс, агаарын бохирдол гэх мэт) болж үүсэх боломжтой.
*Коллаген (collagen)
Хүний биед хамгийн ихээр байдаг уураг билээ. Коллаген нь арьсны дунд давхарга болох жинхэнэ арьсны давхаргад (dermis) байдаг бөгөөд арьсыг чанга байлгаж унжихаас нь сэргийлдэг. Гэхдээ нас ахих тусам коллагены хэмжээ багасдаг тул арьс улмаар унжиж үрчлээтэж хөгширдөг байгаа.
*Эластин (elastin)
Хүний биед үйлдвэрлэгддэг уураг билээ. Эластин нь арьсны дунд давхарга болох жинхэнэ арьсны давхаргад (dermis) байдаг бөгөөд арьсыг уян хатан байлгаж сунах чадвартай болгож өгдөг (татаж сунгавал буцаад хэвийн хэлбэр лүүгээ ордог). Гэхдээ нас ахих тусам эластины хэмжээ багасдаг тул арьс улмаар унжиж үрчлээтэж хөгширдөг байгаа.
*Антиоксидант (antioxidant)
Чөлөөт радикалтай (free radicals) тэмцэх үйлчилгээг эсвэл чөлөөт радикалтай тэмцэх үйлчилгээтэй молекулыг хэлнэ.
*Меланин (melanin)
Арьсыг бор болгодог пигмент бөгөөд арьсанд байдаг меланоцит (melanocyte) хэмээх эсүүдийн үйлдвэрлэдэг молекул юм. Хүн бүхэн адилхан тооны меланоцит эстэй байдаг, гэхдээ бор арьстай хүмүүсийн меланоцит эсүүд меланин пигментээ илүү ихээр үйлдвэрлэдэг билээ.