Тьего энлайт комплекс [Tego® enlight]

Герман улсын Evonik Operations GmbH хэмээх компанийн бүтээсэн комплекс бүтээгдэхүүн бөгөөд онцлох найрлага нь:

  • Morus alba fruit extract [Морус aльба модны жимснээс гаргаж авсан ханд; уг мод нь Хятад улсаас үүсэл гаралтай бөгөөд white mulberry гэсэн өөр нэршилтэй юм]

  • Sodium phytate [натрийн фитат; натри элементтэй нийлсэн фитийн хүчил (phytic acid) бөгөөд уг хүчлийг будааны хивгээс гаргаж авсан билээ]
  • Glycerin [*глицерин; *хюмектант чийгшүүлэгч бөгөөд бага зэргийн бактерийн эсрэг нөлөөтэй]

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:

Морус aльба модны жимснээс гаргаж авсан ханд нь

  • *антиоксидант болон цайруулах үйлчилгээтэй хэд хэдэн чухал идэвхт бодисуудыг агуулдаг
  • *меланины үйлдвэрлэлийг хурдасгадаг тирозиназ (tyrosinase) *ферментийг идэвхгүй болгож, *меланоцит эсүүдийн үрэвслийн улмаас идэвхжих үйл явцыг зогсооно

Натрийн фитат нь 

  • тирозиназ ферментийн үйл ажиллагааг зогсоосноор меланины үйлдвэрлэлийг бууруулна
  • арьсны үхсэн эсүүдийн гуужих процессыг өдөөж дэмжиж өгснөөр арьсны дээд давхаргуудад хуримтлагдсан меланин үр дүнтэйгээр багасна

Хүн дээр хийсэн нэгэн судалгаа дараах үр дүнд хүрсэн байна:

  • 2%-ийн концентрацтайгаар нь арьсандаа 8 долоо хоногийн турш түрхэж хэрэглэсэн хүмүүсийн нөсөө толбонууд илт бүдгэрч цайрсан

Ямар арьсанд тохирох вэ?:

Бүх төрлийн арьсанд тохирно, гэхдээ нөсөө толботой арьсанд нэн ач тустай.

*Глицерин (glycerin)

Глицерол (glycerol) гэсэн өөр нэршилтэй ба C3H8O3 химийн томьёотой бөгөөд ногоо, амьтны тосноос гаргаж авдаг, өнгөгүй, үнэргүй, бага зэрэг чихэрлэг амттай, байгалийн өтгөн шингэн бодис юм.

*Хюмектант (humectant)

Агаараас чийгшлийг татаж эсвэл арьсны гүнээс ууршин гадагшлах гэж буй чийгшлийг арьсны дээд давхаргад хуримтлуулж улмаар тухайн давхаргыг чийгшүүлж арьсны чийгшлийг хадгалах чадварыг хэлнэ.

*Антиоксидант (antioxidant)

Чөлөөт радикалтай (free radicals) тэмцэх үйлчилгээг эсвэл чөлөөт радикалтай тэмцэх үйлчилгээтэй молекулыг хэлнэ.

*Меланин (melanin)

Арьсыг бор болгодог пигмент бөгөөд арьсанд байдаг меланоцит (melanocyte) хэмээх эсүүдийн үйлдвэрлэдэг молекул юм. Хүн бүхэн адилхан тооны меланоцит эстэй байдаг, гэхдээ бор арьстай хүмүүсийн меланоцит эсүүд меланин пигментээ илүү ихээр үйлдвэрлэдэг билээ.

*Фермент (enzyme)

Аливаа урвалыг хурдасгах үүрэгтэй онцгой уургийг хэлнэ. 

*Меланоцит (melanocyte)

Хүний арьсанд байдаг эсүүдийн нэг төрөл бөгөөд меланин буюу арьсыг борлуулдаг, нөсөө үүсгэдэг пигментийг үйлдвэрлэдэг үүрэгтэй билээ.