Улаан лоолийн ханд [solanum lycopersicum (tomato) fruit extract]

Улаан лооль нь solanum lycopersicum гэсэн латин нэртэй бөгөөд Өмнөд Америк тивээс үүсэл гаралтай билээ. Маш хүчтэй *антиоксидант болох ликопен молекулаар (lycopene) хамгийн баялаг эх үүсвэр тул эрүүл мэндийн маш олон ач холбогдолтой юм. Каротеноид (carotenoid) төрлийн молекул болох ликопен нь тарвас, гуава, улаан лооль гэх мэт жимс, ногоог улаан өнгөтэй харагдуулдаг. Улаан лооль боловсорч илүү улаан болох тусам ликопений хэмжээ нь ихэсдэг.

   ликопен

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:

  • Ликопен нь *чөлөөт радикалтай тэмцэж арьсны эсүүдийн ДНХ-г нарны хорт туяанаас сайн хамгаалах бөгөөд *коллагены гэмтэл болон задралаас сэргийлж хөгшрөлтийн эсрэг нөлөө үзүүлнэ. Мөн түүнчлэн үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлж эсийн шинэчлэлтийн процессыг дэмжинэ
  • Витамин С-г агуулдаг тул арьс цайруулах, нөсөө багасгах үйлчилгээ үзүүлж коллагены үйлдвэрлэлийг бас дэмжинэ
  • Арьсыг зөөлөн гуужуулж илүүдэл тослогийг арилган батгатай тэмцэхийн зэрэгцээ нүх сүв агшааж арьсны өнгийг жигд болгоно
  • Хөгшрөлтийн эсрэг нөлөөтэй В витаминуудыг агуулдаг
  • Арьсыг чийгшүүлэх чадвартай

Ямар арьсанд тохирох вэ?:

Бүх төрлийн арьсанд тохирно.

*Антиоксидант (antioxidant)

Чөлөөт радикалтай (free radicals) тэмцэх үйлчилгээг эсвэл чөлөөт радикалтай тэмцэх үйлчилгээтэй молекулыг хэлнэ.

*Чөлөөт радикал (free radicals)

Эсийн бодисын солилцооны үеэр үүсдэг тогтворгүй молекул бөгөөд ДНХ (DNA), липид тосон молекул (lipid), уураг (protein) гэх мэт эд эсийн молекулуудыг гэмтээх чадвартай. Нас ахих тусам биеийн чөлөөт радикалтай тэмцэх чадвар нь доройтдог тул элдвийн өвчин эмгэг үүсэх нь өндөр боломжтой болохын сацуу хөгшрөлтийн процесс хурдасдаг. Улмаар арьс хөгширч үрчлээс, нөсөө ихээр үүсдэг. Чөлөөт радикал нь эсийн бодисын солилцооны үеэр үүсэж бий болохоос гадна нарны хорт туяа болон бусад гаднын хүчин нөлөөнөөс (эрүүл бус хооллолт, тамхи, стресс, агаарын бохирдол гэх мэт) болж үүсэх боломжтой.

*Коллаген (collagen)

Хүний биед хамгийн ихээр байдаг уураг билээ. Коллаген нь арьсны дунд давхарга болох жинхэнэ арьсны давхаргад (dermis) байдаг бөгөөд арьсыг чанга байлгаж унжихаас нь сэргийлдэг. Гэхдээ нас ахих тусам коллагены хэмжээ багасдаг тул арьс улмаар унжиж үрчлээтэж хөгширдөг байгаа.