Витамин С 

Жүрж, лимон, брокколи, гүзээлзгэнэ болон улаан чинжүүнд ихээр агуулагддаг витамин бөгөөд усанд уусах чадвартай билээ. Усанд уусах чадвар нь арьсанд гүн шингэхэд нь туслахгүйгээс гадна уг витамин нь өөрөө бас тогтворгүй буюу эмзэг учраас агаар болон нарны гэрэлд өртөхөөс нь сэргийлэх хэрэгтэй байдаг. Шраммекийн бүтээгдэхүүнүүд илүү тогтвортой болон арьсанд гүн шингэх хэлбэрүүдийг нь агуулдаг.

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:

  • *Чөлөөт радикалтай тэмцэнэ
  • *Коллагены үйлдвэрлэлийг дэмждэг тул хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ
  • *Меланины үйлдвэрлэлийг зогсоосноор арьсыг цайруулж нөсөө багасгана
  • Арьсыг толигор болгоно

Ямар арьсанд тохирох вэ?:

Эмзэг бус, витамин С-ний харшилгүй бүх төрлийн арьсанд тохирно.

*Чөлөөт радикал (free radicals)

Эсийн бодисын солилцооны үеэр үүсдэг тогтворгүй молекул бөгөөд ДНХ (DNA), липид тосон молекул (lipid), уураг (protein) гэх мэт эд эсийн молекулуудыг гэмтээх чадвартай. Нас ахих тусам биеийн чөлөөт радикалтай тэмцэх чадвар нь доройтдог тул элдвийн өвчин эмгэг үүсэх нь өндөр боломжтой болохын сацуу хөгшрөлтийн процесс хурдасдаг. Улмаар арьс хөгширч үрчлээс, нөсөө ихээр үүсдэг. Чөлөөт радикал нь эсийн бодисын солилцооны үеэр үүсэж бий болохоос гадна нарны хорт туяа болон бусад гаднын хүчин нөлөөнөөс (эрүүл бус хооллолт, тамхи, стресс, агаарын бохирдол гэх мэт) болж үүсэх боломжтой.

*Коллаген (collagen)

Хүний биед хамгийн ихээр байдаг уураг билээ. Коллаген нь арьсны дунд давхарга болох жинхэнэ арьсны давхаргад (dermis) байдаг бөгөөд арьсыг чанга байлгаж унжихаас нь сэргийлдэг. Гэхдээ нас ахих тусам коллагены хэмжээ багасдаг тул арьс улмаар унжиж үрчлээтэж хөгширдөг байгаа. 

*Меланин (melanin)

Арьсыг бор болгодог пигмент бөгөөд арьсанд байдаг меланоцит (melanocyte) хэмээх эсүүдийн үйлдвэрлэдэг молекул юм. Хүн бүхэн адилхан тооны меланоцит эстэй байдаг, гэхдээ бор арьстай хүмүүсийн меланоцит эсүүд меланин пигментээ илүү ихээр үйлдвэрлэдэг билээ.