Волюлип комплекс [VolulipTM]
Франц улсын Sederma компанийн бүтээсэн комплекс бүтээгдэхүүн бөгөөд онцлох найрлага нь:
- Portulaca pilosa extract [портулака пилоса ургамлын ханд; Америк тивүүдэд ургадаг, шүүс ихтэй төрлийн ургамал бөгөөд “kiss-me-quick” буюу “намайг хурдан үнсээч” гэсэн утгатай өөр нэршилтэй билээ]

- Palmitoyl tripeptide-38 [палмитойл трипептид-38; lysine-methionine-lysine гэсэн *амин хүчлүүдийн гинжин хэлхээ болон палмитийн *тосон хүчлээс (palmitic acid) бүрдсэн матрикин (matrikine) *пептид молекул юм]
Уруулын арьсанд үзүүлэх үйлчилгээ:
Дээрх ургамлын ханд болон пептид молекул нь хамтын хүчээр
- *гиалуроны хүчлийн үйлдвэрлэлийг ихэсгэж уруулыг илүү бөмбийсөн мэт болгоно
- шинэчлэлтийн процессыг өдөөснөөр уруулын арьсны бүтэц сайжирч уруул илүү гоо үзэсгэлэнтэй харагдах болно
- уруул дахь чийгшлийн хэмжээг ихэсгэж уруулын арьсыг илүү зөөлөн болгоно
- үрчийж унжихын эсрэг болон хөгшрөлтийн эсрэг нөлөө үзүүлнэ
Ямар уруулын арьсанд тохирох вэ?:
Бүх төрлийн уруулын арьсанд тохирно.
*Амин хүчил (amino acid)
Уургийг (protein) бүрдүүлдэг молекул билээ. Жишээлбэл, коллаген нь уураг тул тодорхой төрлийн амин хүчлүүдээс бүрддэг юм.
*Тосон хүчил (fatty acid)
Хүний бие махбод болон хоол хүнсэн дэх тосыг бүрдүүлдэг гол бүрэлдэхүүн хэсэг нь тосон хүчил байдаг бөгөөд ихэвчлэн гурав гурваараа глицерин (glycerin) хэмээх молекултай холбогдож улмаар триглицерид (triglyceride) хэлбэрээр оршдог билээ. Тосон хүчил нь ханаагүй болон ханасан гээд хоёр төрөлтэй байдаг. Ханасан тосон хүчлээр баялаг хоол хүнс нь масло, амьтны өөх тос гэх мэт байдаг бол ханаагүй тосон хүчлээр баялаг нь ихэвчлэн ургамлын гаралтай тоснууд байдаг (оливын тос, наран цэцгийн тос, маалингын тос гэх мэт).
*Пептид (peptide)
Амин хүчил молекулуудаас (amino acid) бүрдсэн урт гинжин молекул бөгөөд уургийг (protein) бүрдүүлдэг билээ.
*Гиалуроны хүчил (hyaluronic acid)
Хүний биед байдаг, (C14H21NO11)n химийн томьёотой полисахарид (polysaccharide) молекул бөгөөд ойролцоогоор 50% нь арьсанд олддог. Гиалуроны хүчил нь арьсыг чийгшилтэй байлгаж өгдөг үндсэн үүрэгтэй. Нас ахих тусам мөн нарны хорт туяаны улмаас арьсан дахь тоо хэмжээ нь багасдаг тул арьс хуурайшиж үрчлээтдэг билээ.