Улаан буудайн үр хөврөлөөс гаргаж авсан тос [triticum vulgare (wheat) germ oil]

Triticum vulgare гэсэн латин нэртэй буудайн үр хөврөлөөс (germ) гаргаж авсан тос юм. Цагаан гурил нь боловсруулагдахдаа улаан буудайн үрийн хивэг (bran) болон үр хөврөл хэсгээс салгагдсан зөвхөн endosperm хэсгийг агуулдаг бүтээгдэхүүн билээ. Endosperm хэсэг нь тэжээл маш багатай бөгөөд нүүрс ус болон багахан хэмжээний уургийг (глютен буюу gluten уураг их байдаг) голцуу агуулдаг. Хивэг буюу bran хэсэг нь эслэгээр баялаг бөгөөд В витаминууд болон эрдсүүдийг агуулдаг. Үр хөврөл буюу germ хэсэг нь *антиоксидант бодисууд, витамин болон хүний эрүүл мэндэд ач тустай тоснуудыг агуулдаг. Ер нь бол бүхэл үрийн гурил нь (whole grain flour) тэжээлээр дүүрэн байдаг хивэг болон үр хөврөл хэсгүүдийг агуулдаг учраас дан цагаан гурилаас хамаагүй илүү эрүүл сонголт байх нь аргагүй юм.

улаан буудайн үр

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:

Тос нь нүх сүв бөглөрүүлэхгүй бөгөөд эрдэс, витамин А, D, Е, В6 болон ханаагүй *тосон хүчил болох омега-6, 9-ийг агуулдаг тул

  • арьсны тослогжилт, батгашилттай тэмцэнэ
  • чийгшил хадгалж арьсыг чийгшүүлэх үйлчилгээ үзүүлнэ
  • антиоксидант, үрэвслийн эсрэг болон бактерийн эсрэг шинж чанартай
  • цусны эргэлтийг сайжруулж хөгшрөлтийн эсрэг нөлөө үзүүлэхийн зэрэгцээ псориазтай (psoriasis), экземтэй (eczema), хуурай, тослог, эмзэг, үрэвссэн, сорвижсон, гэмтсэн, улайсан, загатнасан арьсанд маш ашиг тустай

экзем                      псориаз

  • арьсанд тэжээл өгч нөхөн төлжих процесст нь тусална
  • арьсны уян хатан чанарыг сайжруулна
  • олон төрлийн асуудлыг шийдэж өгдөг гайхалтай бүхнийг чадагч тос гэдгээрээ алдартай

Ямар арьсанд тохирох вэ?:

Бүх төрлийн арьсанд тохирно.  

*Антиоксидант (antioxidant)

Чөлөөт радикалтай (free radicals) тэмцэх үйлчилгээг эсвэл чөлөөт радикалтай тэмцэх үйлчилгээтэй молекулыг хэлнэ.

*Тосон хүчил (fatty acid)

Хүний бие махбод болон хоол хүнсэн дэх тосыг бүрдүүлдэг гол бүрэлдэхүүн хэсэг нь тосон хүчил байдаг бөгөөд ихэвчлэн гурав гурваараа глицерин (glycerin) хэмээх молекултай холбогдож улмаар триглицерид (triglyceride) хэлбэрээр оршдог билээ. Тосон хүчил нь ханаагүй болон ханасан гээд хоёр төрөлтэй байдаг. Ханасан тосон хүчлээр баялаг хоол хүнс нь масло, амьтны өөх тос гэх мэт байдаг бол ханаагүй тосон хүчлээр баялаг нь ихэвчлэн ургамлын гаралтай тоснууд байдаг (оливын тос, наран цэцгийн тос, маалингын тос гэх мэт).