Цайрын ПиСиЭй [zinc PCA]

Цайр элемент (zinc) болон PCA (pyrrolidone carboxylic acid) хоёрыг хангаж өгөх бөгөөд PCA нь proline хэмээх *амин хүчлийн *дайвар бүтээгдэхүүн билээ.
PCA
Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
- PCA нь арьсыг *хюмектант аргачлалаар чийгшүүлэх бөгөөд угаасаа хүний *арьсны өөрийнх нь үйлдвэрлэдэг чийгшүүлэгч факторуудын нэг юм
- Цайр нь *антиоксидант, үрэвслийн эсрэг болон бактерийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд арьсны нөхөн төлжих процесс болон *коллагены үйлдвэрлэлд хэрэгтэй элемент юм. Мөн түүнчлэн 5-альфа редактаз (5-alpha reductase) *ферментийн үйл ажиллагааг зогсоох байдлаар арьсны *себум тосны үйлдвэрлэлийг зохицуулж өгөх чадвартай
Ямар арьсанд тохирох вэ?:
Бүх төрлийн арьсанд тохирно.
*Амин хүчил (amino acid)
Уургийг (protein) бүрдүүлдэг молекул билээ. Жишээлбэл, коллаген нь уураг тул тодорхой төрлийн амин хүчлүүдээс бүрддэг юм.
*Дайвар бүтээгдэхүүн/бодис (derivative)
Аливаа нэг бодисын төстэй гэхдээ арай өөр хэлбэрийг хэлнэ. Жишээлбэл, витамин В5 бодисын дайвар бүтээгдэхүүн болох пантенолыг (panthenol) арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдэд түлхүү ашигладаг. Пантенол нь арьсанд шингэмэгц витамин В5 болж хувирч үйлчилгээгээ үзүүлдэг, гэхдээ витамин B5-аас илүү тогтвортой, арьсанд илүү сайн шингэх чадвартай хувилбар учраас гоо сайхны брэндүүд уг дайвар бодисыг илүүд үздэг юм.
*Хюмектант (humectant)
Агаараас чийгшлийг татаж эсвэл арьсны гүнээс ууршин гадагшлах гэж буй чийгшлийг арьсны дээд давхаргад хуримтлуулж улмаар тухайн давхаргыг чийгшүүлж арьсны чийгшлийг хадгалах чадварыг хэлнэ.
*Арьсны өөрийнх нь үйлдвэрлэдэг чийгшүүлэгч факторууд (NMF/natural moisturizing factors)
Эдгээр нь голцуу амин хүчил (amino acids), амин хүчлүүдийн дайвар бүтээгдэхүүнүүд (derivatives of amino acids), сахран молекулууд болон шүвтэр (urea) байдаг. NMF-үүд маань арьсны хамгийн дээд давхарга болох эвэрлэг давхаргын (stratum corneum) корнеоцит эсүүдэд (corneocytes) байдаг бөгөөд хюмектант чийгшүүлэгч (humectant) учраас чийгшлийг агаараас татах эсвэл арьсны гүнээс ууршин гадагшлах гэж буй чийгшлийг арьсны дээд давхаргад хуримтлуулах байдлаар арьсны чийгшлийг хадгалж өгдөг байгаа. Хүний арьсан дахь NMF-үүдийн хамгийн том бүрэлдэхүүн хэсэг нь амин хүчлүүд билээ. Эдгээр амин хүчлүүдийн 36%-ийг serine, 22%-ийг glycine, 13%-ийг alanine, үлдсэн нь histidine, ornithine, citrulline, arginine тус тус 6-8%-ийг эзэлдэг байна.
*Антиоксидант (antioxidant)
Чөлөөт радикалтай (free radicals) тэмцэх үйлчилгээг эсвэл чөлөөт радикалтай тэмцэх үйлчилгээтэй молекулыг хэлнэ.
*Коллаген (collagen)
Хүний биед хамгийн ихээр байдаг уураг билээ. Коллаген нь арьсны дунд давхарга болох жинхэнэ арьсны давхаргад (dermis) байдаг бөгөөд арьсыг чанга байлгаж унжихаас нь сэргийлдэг. Гэхдээ нас ахих тусам коллагены хэмжээ багасдаг тул арьс улмаар унжиж үрчлээтэж хөгширдөг байгаа.
*Фермент (enzyme)
Аливаа урвалыг хурдасгах үүрэгтэй онцгой уургийг хэлнэ.
*Себум (sebum)
Хүний арьсны тосны булчирхайнаас ялгардаг тос бөгөөд арьсыг гаднын хор хөнөөлөөс хамгаалж чийгшил хадгалах үүргийг гүйцэтгэдэг. Себум тосны ойролцоогоор 50 гаруй хувь нь триглицерид (triglyceride), 25 гаруй хувь нь нийлмэл эфирэн лав (wax esters), ойролцоогоор 12 хувь нь сквален тосон молекул (squalene), үлдсэн хувь нь холестерин (cholesterol) билээ.